“Шинэ санаа - Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний шилдэг бүтээгдэхүүн болон төслийн уралдаан зарлалаа

2017-11-30 12:20:10

“Шинэ санаа - Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний шилдэг бүтээгдэхүүн болон төслийн уралдаан зарлалаа. Уралдааны зорилго нь  нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, ашиглалтыг  нэмэгдүүлэх шинэ санаа санаачилгыг дэмжин ажиллахад оршиж байгаа юм.

“Шинэ санаа - Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний уралдааныг Сэргээгдэх эрчим хүчний төсөл, Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн гэсэн үндсэн 2 чиглэлээр шалгаруулах бөгөөд төрөл тус бүр нь дараах болзлыг хангасан байна. Үүнд:

  • Эдийн засгийн үр ашигтай;
  • Зах зээлд нэвтрүүлэх боломжтой;
  • Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх;
  • Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх;
  • Эрчим хүчний уламжлалт технологийг сэргээгдэх эрчим хүчний технологиор орлуулах төсөл бүтээгдэхүүн байна.

Уралдаанд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, ахмад, оюутан залуус оролцох боломжтой.

Уралдааны төсөл, бүтээгдэхүүний танилцуулгыг эх хувилбараар Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын байранд байранд /Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Лхагвасүрэнгийн гудамж, Орчлон дунд сургуулийн урд байрлах Нийслэлийн засаг захиргааны V байр/ 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна. Уралдааны шагналыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гардуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99772561 дугаарын утас, innovationub@gmail.com хаягаар авна уу гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.