Хөрөнгө оруулалтын чуулганы урьдчилсан уулзалт зохион байгууллаа

2010-04-26 00:00:00

 Гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын доноруудыг оролцуулсан “Улаанбаатар хот-Гадаад түншлэл” чуулганыг ирэх сарын дундуур зохион байгуулах гэж буйтай холбогдуулан НЗДТГ, Дэлхийн банктай хамтран урьдчилсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Улаанбаатар үйл ажиллагаа явуулдаг олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, гадаадын элчин сайдын яамд, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны төлөөлөл оролцлоо. Нийслэлд хүн амын нягтаршлаас үүссэн эдийн засгийн төвлөрөл бий болсныг ДНБ-ий 48,6 хувийг үйлдвэрлэж, төсвийн орлогын 34 хувийг бүрдүүлж байгаагаас харж болох юм. Хүн амын төвлөрөл нь эдийн засагт эргэлт бий болгодог сайн талтай боловч сөрөг олон асуудал араасаа дагуулдаг. Энэ нь мэдээж агаарын бохирдол, иргэдийн таатай амьдрах нөхцөл хумигдмал, дэд бүтцийн хөгжил төдийлөн сайн биш байгаа зэргээр тайлбарлагдана. Эдгээр тодорхой хүндрэлүүдийг шийдвэрлэхэд нийслэлийн өөрийнх нь төсөв нэгэнт хүрэлцэхгүй байгаа тул гадаадын хөрөнгө оруулалтыг татах, тэдэнд хэрэгцээ шаардлагаа зөв ойлгуулах нь хамгаас чухал юм гэдгийг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хотын мээр Г.Мөнхбаяр онцолсон. Тэрээр мөн уулзалтад оролцогчдод Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулан Засгийн газраар дэмжүүлж УИХ-д өргөн бариад буйгаа мэдээлсэн. Хэрэв уг хууль энэ төслөөрөө батлагдвал нийслэл өөрийн гэсэн татвартай болох боломж бүрдэж, орлого тэр хэрээрээ нэмэгдэн, хөрөнгө оруулалтынхаа багагүй хэсгийг бие даан шийдэх нөхцөл бүрдэх юм. Нийслэл өнөөдөр 600 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй ч олон улсын бонд гаргах эрхзүйн боломжгүй байгаа юм. 

Дэлхийн банкыг төлөөлж уулзалтад оролцсон ноён Шэн Розентал “Улаанбаатар бол Монгол Улсын эдийн засгийн томоохон төв бөгөөд хүн амын 40-өөс илүү хувь нь амьдарч, ДНБ-ий талаас илүү хувийг үйлдвэрлэж байна. Энэ нь донор орнууд Улаанбаатарт анхаарлаа илүү хандуулахыг шаардаж байна гэсэн үг юм. Аялал жуулчлал хөгжүүлэх, хүмүүсийн амьдрах орчин болон үйлчилгээний дэд бүтцэд анхаарах, агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг олон бэрхшээл бидний өмнө байна. Донорууд үзүүлж буй туслалцаагаа улам өргөжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд давхардлыг арилгаж, оновчтой шийдэлд хүрэх хэрэгтэй” хэмээн уулзалтын үеэр хэлсэн.
Ирэх сарын дундуур болох түншлэлийн чуулга уулзалтын үеэр нийслэлд гадаадын хөрөнгө оруулалтаар хийх ажлуудыг зохион байгуулах ажлын дөрвөн хэсэг байгуулахаар нийслэлийн удирдлага шийдсэнээ уулзалтад оролцогчдод танилцуулсан. Дэлхийн банк, Азийн сан, Японы “Жайка”, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгт зэрэг оролцогчдын төлөөлөгчид хойшид нийслэлтэй хэрхэн хамтарч ажиллах болон үндэсний хэмжээнийн хөрөнгө оруулалтыг зохицуулах ажлын хэсгээс гадна тодорхой ажил дээр хотын удирдлага оролцсон ийм зохион байгуулалтад орохыг дэмжиж буйгаа илэрхийлцгээсэн. Мөн тэд тухайн салбар хариуцсан ажлын хэсгүүд тэргүүлэх чиглэл, хамгийн түрүүнд шийдэх асуудлаа оновчтой тодорхойлох нь нэн чухал гэдгийг онцолж байв. “Жайка”-гийн төлөөлөгч Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөн дээрээ түшиглэн, тэнд тусгагдсан асуудлуудыг шийдэх зорилго бүхий ажлын хэсгүүд байгуулах нь зүйтэй гэсэн санал ч гаргаж байлаа.
Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллага ийнхүү тодорхой ажлуудыг Засгийн газар шийдэх ёстой гэж хойш тавилгүй өөр дээр авч, төсөл хөтөлбөрүүдийн зохион байгуулалтад гардан оролцох болсон нь маш зөв гэдгийг олон улсын байгууллагын төлөөлөгчид онцолсон. Талууд Улаанбаатарын асуудал бол улсын асуудал гэдэг дээр санал нийлж байлаа.