Улаанбаатар, Прага хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

2017-11-08 16:47:06

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны  тасгийн дарга И.Батхүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Д.Индра, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Даваасүрэн, Чех улсын талаас Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Ива Шустакова, "Гравис Индастри” ХХК-ийн худалдаа хариуцсан менежер Эва Биолкова нар тус тус байлцав.

Уулзалтын үеэр Элчин сайд ноён Ийржи Бродский Улаанбаатар хоттой нийтийн тээвэр, байгаль орчин, ухаалаг хот зэрэг чиглэлээр голлон хамтран ажиллах саналтай байгаагаа мэдэгдсэн юм. Хоёр улсын нийслэл хотууд болох Улаанбаатар, Прага хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, ялангуяа нийтийн тээврийн салбарт туршлага солилцох нь зүйтэйг онцлов. Мөн нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудын нэг болох автомашины зогсоолын тухайд Чех улсын компаниас дэвшүүлж буй шийдлийг уулзалтын үеэр хотын даргад танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дээрх салбаруудын талаар санал солилцож, Улаанбаатар хотын өнөөгийн байдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн түүнчлэн цаашид Чех улстай хамтран ажиллахад Улаанбаатар хот нээлттэй байгаа гэдгийг илэрхийллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.