Нийслэл хогноосоо салж байна

2012-04-21 00:00:00

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хог хаягдлыг ачих, тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хотын ариун цэврийг сайжруулах зорилго бүхий “Хоггүй Улаанбаатар” аян өрнөж байна.  Аяны  хүрээнд  Нийслэлчүүдийг хамарсан бүх нийтийн их цэвэрлэгээ өнөөдөр Улаанбаатар хотын дүүрэг бүрт өрнөж  нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй  аж ахуйн нэгж, албан байгууллага, сургууль, цэцэрлэг гээд бүх газрууд өнөөдөр өглөө 10.00 цагт их цэвэрлэгээндээ гарлаа.  “Хоггүй Улаанбаатар”  аяныг бодитой, үр дүнтэй явуулахын тулд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, үйлчилгээний газруудыг ажиллуулаагүй юм.  Энэ шийдвэр ч үр дүнгээ өгч өдрийн 13.00 цаг гэхэд хотын төвийн гудамж, нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрхэн болов. Хог хаягдал, хур хог хамгийн ихээр хуримтлагдсан захын хорооллуудад ч хог цэвэрлэх аян өрнөж байв. Тухайлбал нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт тус бүр нь  150 хүний бүрэлдэхүүнтэйгээр 3 газарт хур хог цэвэрлэж байв. Тус дүүргийн нутагт орших үерийн даланг “Амьдрах ухаан сургалтын төв”-ийнхөн цэвэрлэж бүртийх ч хоггүй болгож байсан. Гэр хорооллын иргэдийн хашаанаасаа гаргаад овоолсон үнс нурам, хог новшийг ч энэхүү цэвэрлэгээгээр ачиж байна.  Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 8 цэргийн ангид  алба хааж буй цэргүүдийг энэ ажилд хамруулж байв. Хогноос салах хотын даргын захирамжийг Сонгинохайрхан дүүргийн томоохон аж ахуй нэгжүүд дэмжиж 10 компани хог ачих машин гаргаж, тус бүр 2-3 удаагийн рейсийг даахаар болжээ. Ийнхүү “Хоггүй Улаанбаатар” бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргүүд болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудаас гадна дунд сургуулийн сурагчид  идэвхтэй оролцож орчин ахуйгаа цэвэр цэмцгэр байлгахын төлөө ажиллаж байна.