Хэвлэл мэдээллийн салбарын тэргүүний ажилтнуудыг шагнав

2017-10-28 15:20:28

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэвлэл мэдээллийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, төр болон ард түмнийг холбох гүүр, шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаач нарын 20 орчим хүнийг өнөөдөр шагнав.

Нийслэл төдийгүй төрөөс хийж хэрэгжүүлж буй бүхий л ажлыг ард түмэнд хүргэх гүүр нь хэвлэл мэдээллийн салбарынхан гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дурьдаад, “Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд үнэний дуу хоолой юм. Тиймээс нийслэлийн удирдлагууд хэвлэл мэдээллийн салбартай нягт хамтран ажилладаг. Энэ бол өөрсдийгөө сурталчлах бус иргэдийн төлсөн татвараар хийж буй ажлуудыг олон нийтэд тайлагнах зорилготой юм. Миний бие УИХ-ын гишүүн байхдаа МҮОНРТ-ийн тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Мэдээлэл авах эрх чөлөөний тухай зэрэг хуулийг санаачлан, ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байсан. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.” хэмээн онцолж байлаа.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ аентлагийн гэрэл зурагчин Т.Чимгээ "Миний бие 1996 оноос хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна.  Хэвлэл мэдээлэл бол Монгол Улсын бүх иргэдэд төрийн үйл ажиллагааг түргэн шуурхай, чин үнэнээр хүргэх зорилготой. Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нийслэлд аж төрдөг. Тиймээс Улаанбаатар хотын удирдлагуудын гаргаж буй шийдвэр болон бусад үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд анхаарч ажилладаг. Энэхүү ажлынхаа дүнд өнөөдөр "Нийслэлийн тэргүүний ажилтан" болсондоо баяртай байна” хэмээв.

Мөн ТМ телевизийн сэтгүүлч Б.Шүрэнцэцэг “Миний бие сэтгүүлч мэргэжлийг эзэмшээд 9 жил болж байна. ТМ телевизэд тасралтгүй ажиллаж байгаа. Бидний мэргэжил ард түмний дуу хоолой болдог гэдгээрээ маш үнэ цэнэтэй. Нийслэлийн 378 жилийн ойгоор нийслэлийн “Жуух бичиг” гардаж авсандаа баяртай байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.