“Аз жаргалтай Улаанбаатар хот” хөшөөг байршууллаа

2017-10-28 14:37:45

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажлууд шат дараатайгаар хийгдсээр байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр “Аз жаргалтай Улаанбаатар хот” чимэглэлийн хөшөөг Сөүлийн гудамжинд байршууллаа. Хөшөөг уран барималч Л.Гантөмөр, Т.Даваасамбуу нар бүтээсэн байна.

“Улаанбаатар хотод зүлэг талбай, барималууд дутмаг байдаг. Нийслэлийн удирдлагуудын санал болгосноор энэхүү баримал маань хийгдсэн. Аз жаргалтай гэр бүлийг харуулсан бүтээл байгаа. Хотын өнгө үзэмжинд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Хөшөөг холимог техникийн аргаар хийсэн” хэмээн Уран барималч Т.Даваасүрэн ярилаа.

Нийслэлийн хэмжээнд нийт 230 гаруй хөшөө дурсгал, түүхт газрууд байдаг аж. Үүнээс хувь хүний болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлийн зориулалтаар бүтээсэн 80 гаруй уран баримал, хөшөө байгаа юм. Үүний дийлэнхийг хуучны барилмал эзэлдэг юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлчүүддээ нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн баярын мэндийг хүргэн мэндчилье. Өнөөдөр бид жижиг боловч аз жаргалтай Улаанбаатар гэсэн өгүүлэмжтэй гурван хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулж байна. Аливаа хотод өгүүлэмжийн хувьд хялбар, хүмүүст хүрдэг хөшөө дурсгалаар баян байдаг. Улаанбаатар хотод ихэвчлэн нэр төртэй хүмүүсийн барималууд байгаа. Одоо бол нийслэлээ илүү орчин үеийн хот болгож, илүү амьдралад ойрхон жижиг, хөөрхөн өгүүлэмжтэй хөшөөнүүдийг үргэлжлүүлж хийнэ гэсэн бодолтой байгаа. Мэдээж бид дэд бүтэц, зам өргөтгөх, барилга байгууламжаа барих хэрэгтэй. Гэхдээ хот маань өөрөө хүмүүсийг амьдрахад таатай, сэтгэлд дурсамж үлдээх гудамжуудыг бий болгох шаардлагатай. Бүх зүйлийг өөрчилж, шинэчлээд байх биш хотынхоо 60, 70, 80-аад оны гудамжуудыг хуучнаар сэргээх, байшингуудыг хүчитгэх ажлуудыг хийх хэрэгтэй. Мөн хуучин байшин, барилга байгууламж, гудамж талбайг орчин үеийн барилгын болон архитектурын шийдэлтэй хэрхэн хослуулах вэ гэдэг дээр нэлээд анхаарч ажиллана” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.