Хорооллоо биш хотоо тэлье

2017-10-25 11:55:53

Сая гаруй хүнтэй хотын дарга байна гэдэг өглөөнөөс орой хүртэл чих амар байхгүй гэсэн үг. Хотын дарга болгон үүнийг мэдэрнэ гэдгээ тооцсон л байж таарна. Гудамжны хог, утаа, жорлонгийн үнэр, машины түгжрэл, автобусны цаг, ажлын байр, хүнд суртал, эмнэлгийн ор, сургуулийн ширээ, ажлын байр, ахмадын бүжиг, шоу цэнгээн, тоглоомын талбай, замын хагархай, траншейны таг, худгийн ус, гэрлийн шон, шавар шавхай, замын халтиргаа, цэцэг мод бүгд л хотын даргад хамаатай. Бүгдийг хотын даргад нааж ярьж, тааламжгүй байвал огцруулъя гэж хашгирч болно. Чи мөнгөгүй бол хотын даргын буруу, чи царай муутай явбал бас л хотын даргын буруу. Чи автобуснаас хоцорвол хотын даргын буруу, чи дарваганаж байгаад хүнд зодуулбал хотын даргын буруу. Бүх зүйлд хотын дарга “буруутай” учраас нэр цэвэр үлдсэн нь байхгүй дээ.

М.Энхболд азтай, Газрын тухай хууль хэрэгжиж эхлэхэд хотынхонд газар эзэмшүүлсэн. Гэхдээ газрын наймаачин болоод дууссан. Г.Мөнхбаяр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, дахин төлөвлөлтийг эхлүүлсэн. Зангараггүй, намхан л гэсэн. Э.Бат-Үүл дахин төлөвлөлтийг эхлүүлж, замаа сайхан л болгосон. Хөгшин, 40 мянгатын хулигаан гэнэ. Су.Батболд хотын дарга болоод хотын хуулийг шинэчилье гэсэн. Хөдөөний уяач зам барихгүй байна гэсэн. Юу ч хийсэн муулдаг, юу ч байсан миалдаг. Мэдээж бид татвараа төлж байгаа учраас шаардлагаа тавих нь зүй ёсных. Төв цэвэрлэхийн үнэр, замын түгжрэл, ажилгүйдэл, агаарын бохирдол, ажлын байр, аюулгүй орчинг шийдэх нь хотын дарга бүрийн мөрөөдөл, бас мөрийн хөтөлбөрийнх нь заалт. Сүүлийн зургаан дарга эдгээр асуудлыг шийдэх гэж хичээсэн ч дуусгаж амжаагүй. Цаг хугацааны болон хөрөнгө санхүүгийн бэрхшээлийг үүсгэж байгаа голлох шалтгаан нь 20 жил шинэчлээгүй яваа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль байлаа.

Нийслэлээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд дээрх хуулийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж эхэлсэн. Нийслэлээс УИХ-ын 28 гишүүн сонгогдсон эдгээр жилд л хотын хуулийг батлуулж, томхон алхаж чадахгүй бол 3-4 Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах талаар бодоод ч нэмэргүй. Хотын дарга бүр энд хүрээд зогссон. Алсаа бодож энэ хуулийг батлуулж л чадвал Су.Батболдын гавьяа тэр юм. 300 мянган хүнтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг 70, 80 мянган хүн амтай аймгуудтай адилтгах боломжгүй. Гэтэл одоогийн хуулиар дүүргийг сумтай, нийслэлийг аймагтай адилтган төсөв хуваарилж байна. Улсаас өгсөн тэр төсөв дээр хүн амын орлогын албан татвараас хуримтлуулсан хөрөнгийг нэмж эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж, замаа засахыг хичээдэг. Улаанбаатарт жилд 30 мянган иргэн шинээр суурьшиж, 40 мянган машин хөдөлгөөнд нэмэгдэж байгаа нөхцөлд “Азийн бар” байтугай “Аз жаргалтай Улаанбаатар” болоход бэрх. Хот албан татвараа сэргээж, газрын татвар, үл хөдлөх эд хөрөнгийн татвараа аж ахуйн нэгжээс төвлөрүүлж эдийн засгийн бааз сууриа бүрдүүлж, статусаа дээшлүүлдэггүй юм бол эрүүл мэнд, боловсрол, нийгмийн дэд бүтцийн асуудлаа шийдэж чадахгүй. Хүн рүүгээ чиглэсэн ажлаа эрчимжүүлье гэвэл хотын хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа юм.

Ямар ч байсан Улаанбаатар хот доторх төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болохоор зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн 320 сая ам.долларын хөрөнгөөр зургаан дэд төвийн ажлыг эхлүүлжээ. Эдгээр төв нь төрийн үйлчилгээ, худалдаа банк, санхүү, даатгал бусад үйлчилгээ төвлөрсөн хотын чанартай олон нийтийн төвүүд болох юм. Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлэн дараагийн шатны Дамбадаржаа, Дэнжийн 1000 дэд төвийн ажлыг эхлүүлээд байна. Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд цэвэр, бохир усны инженерийн шугам, сүлжээний барилга, угсралтын ажил, үерийн хамгаалалтын далан суваг болон шинээр авто зам, гүүр барих ажил мөн 240 ортой 2 хүүхдийн цэцэрлэг, 2 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Мөн Сэлбэ дэд төвийн дулаанаар хангахаар Дулааны станцыг шинээр барих ажлыг эхлүүлжээ. 1959 онд баригдаж ашиглалтад орсон Яармагийн гүүрийг засварлаж, тус гүүрийн зэрэгцээ шинэ гүүр, олон түвшний огтлолцол барихаар төлөвлөгдсөн бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сарын 15-аас ажил эхэлж ажлын явц 30 хувьтай байна. Мөн дөрвөн уулзварыг өргөтгөж, гурван гүүрний ажлыг эхлүүлснээс гадна цөөнгүй бүтээн байгуулалт хийжээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хотод хийгдсэн ажил чамлахааргүй байна. Дөрвөн уулын дундаас утаагаа гаргаж чадахгүй хордож байхад нэмж тойруулаад цахимаар газар олгож байсныг ямар ч байсан хязгаарлажээ. Дэд бүтэцгүй, хэзээ ус, цахилгаан, дулаан, бохирын асуудлыг нь шийдэх нь тодорхойгүй газарт газар олгосноор Улаанбаатарыг тойроод дахиад л гэр хороолол босно. Нүүрс түлнэ, жорлон ухна, дуртай газраа хашаалж авна. Хотыг бүсчлэн хөгжүүлж, инженерийн шийдэлтэйгээр тэлэх гэж байгаа юм бол нэмж газар олгохоо больсон нь одоогоор зөв шийдэл. Цаашдаа сонгууль угтаж газрыг замбараагүй олгодог явдлыг зогсоох хэрэгтэй. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн суурьшлын бүсийн хязгаарыг 35206 га талбай байхаар тогтоож, улаан шугам татсаныг онцолж байна. 2040 он хүртэл Улаанбаатарыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, шинэ суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг уялдуулаад явах хэрэгтэй. Гэр хорооллоо тэлэхийг хотоо тэллээ гэхгүй. Хот хууль эрх зүйн хувьд тэлж өргөжих ёстой.

Улсаараа ОУВС-гийн хөтөлбөрт орчихсан, эдийн засгийн орчин базаахгүй байгаа хэдий ч улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гаднын зээл тусламжийн хүрээнд бүтээн байгуулалтын чухал шаардлагатай ажлыг эрэмбэлэн хийжээ. Тухайлбал, нийслэлд 2017 онд 7 сургууль, 3 өргөтгөлийн барилга ашиглалтад орж ерөнхий боловсролын сургуулийн нийт хүчин чадал 7800-аар нэмэгдсэн  бол сургуулийн өмнөх боловсролын хувьд 7 цэцэрлэг, 8 өргөтгөлийн барилга ашиглалтад орж цэцэрлэгийн нийт хүчин чадал 1840-өөр нэмэгдсэн байна. Нэг тэрбум төгрөгийн өртөгтэй элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд шилжүүлэн өгөх санхүүг шийдлээ. Есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон төрөх эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх болон нөөц 285 ор, нярайн шарлалтыг эмчлэх  шарлагын 25, амьсгалын нэг аппарат өглөө. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр нээж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүллээ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас мэс заслын шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн хангалтад зориулж 2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Нийслэлийн түргэн тусламжийн төвд иж бүрэн тоноглосон “Kia Bongo” маркийн амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, сорох аппаратаар иж бүрэн тоноглогдсон  10 автомашин хүлээлгэн өглөө. Гэр хорооллын эрчим хүчээр хангагдаагүй болон хүчдэлийн уналттай 12800 орчим өрхийг 6450 өрх болгож, 50 хувийг нь цахилгаанаар хангажээ.

Хямралтай байгаа эдийн засагт гаднын хөрөнгө оруулалт чухал байгаа. Хотын дарга С.Батболд ажлаа авснаасаа хойш гадаад харилцаанд онцгой анхаарч, хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж, зээл хөнгөлөлт хөөцөлдөж байгаа нь зөв. “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” бизнес уулзалтыг зохион байгуулж, улмаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд оролцож, Германы Берлин хоттой зам харилцаа, байгаль орчин, хотын хөгжил, Польшийн Варшав хоттой ундны ус цэвэршүүлэх, цэвэрлэх байгууламж, Унгарын Будапешт хоттой нийтийн тээвэр, хот төлөвлөлт, Японы Токио хоттой агаарын бохирдлыг бууруулах, тохижилт, хог хаягдлыг боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Тайландын Бангкок хот, Улаанбаатар хот хооронд “Ах дүү хотуудын харилцаа тогтоох тухай” хэлэлцээрт гарын үсэг зурлаа. “Зүүн Азийн залуучуудын спортын 2 дугаар наадам”-ыг 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулах гэрээг байгууллаа. БНХАУ-ын Жяньсу мужийн Сүжоу хотод зохион байгуулагдсан дэлхийн хотуудын 8 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Берлин хотын захирагч, ноён Михаель Мюллертэй хийсэн уулзалтаар хот байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлт, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахаар шийдвэрлэлээ. БНСУ-ын Намянжү хотын ларга И Сог Ү-тэй Монголын цөлжилтөөс хамгаалах 10 жилийн хугацаатай хоёр тэрбум вонын төсөвтэй “Намянжү Дасаны ой” байгуулах тухай санамж бичиг байгууллаа. Сүүлд Сөүлд айлчилж, санамж бичиг байгууллаа.

Төрийн үйлчилгээг иргэнд хүргэх, хороо, дүүргийн ажлыг сайжруулах чиглэлээр нэлээд ажил хийжээ. Э.Бат-Үүл даргын үед эхлүүлсэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн тоог нэмж өргөтгөн, гадаад паспорт шинээр захиалга авах, ЦЕГ-ын Лицензийн төвөөс жолооны үнэмлэхийн эрх сэргээх шалгалт авах, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчих эрхийг олгох ажлыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан хийж эхэлсэн иргэдийн цагийг хэмнэж байна. Мөн гадаад паспорт сунгах үйлчилгээг есөн дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс үзүүлж, иргэний улсын бүртгэлийн лавлагаа мэдээллийг дүүрэг, хорооноос олгож байгаа. Шилдэг хороо, хэсгийн төлөөлөгч, камержуулалттай хороо, хорооллыг шалгаруулж шагнадаг болсноос үүдсэн эерэг үр дүн гарсаар байна. Даргын хүүхэд төрийн албанд ажилладаг гэсэн хардлагыг нимгэлж нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлан 1600 орчим залууг нөөцөд бүртгэж авсан. Архивын лавлагаа, төрийн үйлчилгээний мэдээлэл, худалдан авах ажиллагаа, тээврийн хэрэгслийн татвар төлөлт, замын хөдөлгөөний зөрчлийн торгууль бүгдийг цахимд шилжүүлсэн байна.

Нийслэлийн хэмжээнд 4914 ажлын байр шинээр бүртгэгдэж, 14094 ажлын байрны захиалга авч, 13380 ажилгүй иргэнийг бүртгэснээс 3879 нь буюу 29 хувь нь ажилд орж, 6429 иргэнд ажил мэргэжлийн зөвлөгөө өгсөн байна. Нийт бүртгэлтэй иргэдийн 1.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байгаагаас 27.8 хувийг тохирох ажилд зуучилсан байна. ”Нэг өрх-Нэг ажлын байр” дэд хөтөлбөрийг батлан “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлох судалгаа”-г нийт 244369 өрхийг хамруулан нийслэлийн хэмжээнд хийсэн. “Нэг өрх - Нэг ажлын байр” нээлттэй өдөрлөгөөр 4735 иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгч, зарлагдсан 3639 ажлын байранд 7151 иргэн бүртгүүлж, 285 иргэн ажлын байртай болжээ. Хотын суурьшлын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олгохгүй болсон. Мөн Туул голын сав газраас хайрга олборлуулахгүй байхаар шийдвэрлэж, хууль зөрчсөн 96 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан гэх мэтээр ганц жилийн хугацаанд нийслэлийн удирдлагууд чамгүй ажил амжуулжээ.