Их хотын нэгэн жил, их ажлын тойм зураглал

2017-10-25 11:18:34

Улаанбаатар бол орчин үеийн мегаполис хот. Том хотын давуу хийгээд сул тал, эерэг сөрөг бүхэн энэ хотод бий. Орчин цагийн хотуудын нийтлэг дүр төрх, бас өөр хаана ч үл тохиолдох өөрийн гэсэн өвөрмөц  онцлог бий. Өдөр шөнийн 24 цагийн амьдралын эрчимтэй хэмнэл бүхий их хотын ар араасаа ундрах асуудлыг шийднэ гэдэг нажидтай алба. Хуримтлуулбал дийлдэхээ болино, хурдлуулбал түргэдэж түүхийрнэ. Тэр болгоны цаана нийслэлээр овоглосон иргэн хүний амьдрал, хувь заяаны асуудал бий. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гэдэг ийм л хүндхэн алба. Энэ албыг Б.Алтангэрэл, С.Мөнхжаргал, Л.Энэбиш, Ж.Наранцацралт, М.Энхболд, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл гээд олон хүн хашиж байв. Бүгд л өөр өөрийн гэсэн арга барилтай, намтар түүхтэй. Санаж санаачилсан, хийж бүтээсэн бүхэн нь хотын хөгжил гэдэг нэгэн том шалгуураар шигшигдэн  үлддэг  учраас  хотын даргын ажилд дүн тавихад хамгийн амархан байдаг. Харин тэрхүү тавихад амархан дүнг авахын тулд ямар их хүч хөдөлмөр зардгийг мэдэх хүн цөөхөн.

Өнөөдөр нийслэлийн Засаг даргын тамгыг С.Батболд атгаж байна. Тэрбээр уг албан тушаалд томилогдоод нэг жил л болж буй. Гэхдээ бас их адармаатай нэг жилийг үдэж буй. Монголын улстөр өнгөрсөн нэг жилд цацаа цалгиа ихтэй байлаа. Хоёр ч том сонгууль болж, төр хоёронтоо эмхэрч, түүнийг дагаж их ч асуудал ургав. Бас ажил хийж буй хүн амны зугаа болдог “монгол  ёс”-оор сайн мууг их ч дуулав. Гэвч аливаа ажил олны дунд ямар яриа хэсүүчилж байгаагаар биш, харин  юу хийв, ямар ахиц гарав, эцсийн үр дүн нь юу вэ гэдгээр л хэмжигдэнэ. Нэг жилийн хугацаанд үр дүнгээ өгөх ч ажил бий, хэсэг хугацааны дараа үр шимийг нь хүртэх ч ажил бий. Тэр бүхнийг орон зай, цаг хугацааны хувьд том зургаар харж, урьд өмнөхтэй харьцуулж байж л тодорхой болно. Тийм болохоор С.Батболдын нэг жилийн ажлыг томоор нь тоймлон харах гээд үзье.

Аливаа ажлын үр дүн зорилго зорилт, бодлогоо хэрхэн тодорхойлсноос ихээхэн шалтгаалдаг. Ямар байшин болох нь зурагаа хэр гаргаснаас хамаардагтай л агаар нэг. Зураг хэр сайн байна, бүтээн байгуулалт тэр хэмжээгээр чанартай болно. Тэгвэл С.Батболдын бодлого нь “Аз жаргалтай хот” гэсэн гуравхан үгэнд багтсан тов тодорхой аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг НИТХ 2016 оны есдүгээр сарын 29-нд баталсан. Энэ хөтөлбөр 5 бүлэг, 26 дэд бүлэгтэй. Хөтөлбөрөө биелүүлэхийн тулд нийтдээ 321 арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд одоогоор 8 дэд хөтөлбөр НИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. “Гэмт хэргийн хяналтын цогц систем”, “Боловсрол-2020”, “Нийслэлийн эрүүл мэнд”, “Улаанбаатарт үйлдвэрлэв”, “Нэг өрх-Нэг ажлын байр”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих” гэхчлэн нэр нь өөрийгөө тодорхойлох эдгээр хөтөлбөр яалтгүй нийслэлийн амин чухал асуудлуудыг агуулсан нь бодлого оновчтой байгаагийн илэрхийлэл юм. Мөн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир спорт, соёлын үйлдвэрлэл, хог хаягдлын зөв менежментийг хөгжүүлэх, хүн амын ахуйн үйлчилгээ зэрэг чиглэлээр дэд хөтөлбөрүүд боловсруулан НИТХ-д өргөн бариад байгаа. Энэ бүхнээс харахад нийслэлийн тулгамдсан гол гол асуудлыг хөгжлийн бодлогодоо тусгаж чадсан нь харагдаж байна. “Бодлогоо зөв тодорхойлж чадвал нийт ажлынхаа талыг хийсэн гэсэн үг” хэмээх алдарт үгийг С.Батболдын багийн “Аз жаргалтай хот” хөтөлбөрт зориулан давтан хэлмээр санагдана. Энэ бол ганцхан жилийн дотор хэрэгжүүлчих, үр дүн нь тэр дороо харагдчих ажил биш.  Гэхдээ энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх эхлэл, бодит хөрс сууриа өнгөрсөн нэг жилийн хугацаанд тавиад эхэлчихжээ. Үүний тулд зөвхөн 2017 онд гэхэд 334 ажил  хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байгаа нь гуравхан үгэнд багтсан хөтөлбөр хэрэг дээрээ ямар далайцтай том ажил болохын нотолгоо юм. 

С.Батболдын баг нэг жилийн хугацаанд төрийн захиргаа, эрхзүйн шинэтгэлийн чиглэлээр томоохон ажлууд хийж чадсан нь эн тэргүүнд анхаарал татаж байна. Нийслэлийн 2017 оны төсвийг боловсруулахдаа иргэдийн оролцоонд анхаарч 9 дүүргийн 300 гаруй иргэний санал хүсэлтийг тусгаснаар нэн даруй шийдвэл зохих тулгамдсан асуудлуудаа оновчтой тодорхойлж, төлөвлөж чадсан байна. Мөн нийслэл хоттой холбоотой хууль, тогтоомжуудын хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, татвар төлөлтийн бүртгэл хяналтыг сайжруулснаар нийслэлийн төсвийн орлогыг энэ онд хориод тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж чаджээ. 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласнаар Хог хаягдлын тухай хуулийг УИХ-аар батлуулж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдах хуулийн төслүүдийн хамт боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж, нийслэлтэй холбоотой хэд хэдэн хуулийн төсөл УИХ-д өргөн барихад бэлэн болгоод байгаа нь их хотын цаашдын хөгжил, хувь заяанд эергээр нөлөөлөх томоохон үйл хэрэг гэж хэлж болно. Нийслэлийн эрхзүйн мэдээллийн нэгдсэн сантай болж, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг тогтмолжуулж, архивын лавлагааг цахимаар өгч, төрийн үйлчилгээний мэдээлэл солилцооны “ХУР” систем бий болгож, нийслэлийн хэмжээнд албан бичгийн шийдвэрлэлтийг цахимаар хянадаг болж, нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлэх үйлчилгээнд тоон гарын үсэг нэвтрүүлэх, автотээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах зэргээр цахим засаглалыг хэрэгжүүлэх чиглэлд нийслэл хот жилийн дотор  дорвитой ажлууд хийж чадсан байна. Мөн худалдан авах ажиллагааг цахимаар зохион байгуулах ажил өнгөрсөн онд 48 хувьтай байсан бол энэ онд 100 хувь болжээ. Нийслэлийн аюулгүй, амар тайван нөхцөл байдлыг хангах ажилд технологийн шинэчлэлийг уламжлалт арга хэлбэртэй хослуулан “Гэмт хэргийн хяналтын цогц систем”, “Теле камер”, “Эргүүл” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт, хяналт сайжирчээ.

Гадаад харилцаа хэр түвшинд хөгжиж байгаа нь ямар ч хотын ажлыг үнэлэх нэг гол хэмжүүр байдаг. Тэр тусмаа нийт хүн амынх нь 1/3 төвлөрсөн Улаанбаатарын тухайд энэ бол зайлшгүй харгалзан үзэх чухал асуудал. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд  бүс нутгийн төдийгүй дэлхийн хотуудтай хамтын ажиллагаа, түншлэлээ өргөжүүлэх талаар ихэд анхаарч, Берлин, Варшав, Будапешт, Токио, Бангкок, Москва, Сөүл, Новосибирск,  Эрхүү, Намянжү, Сүжөү зэрэг хотын удирдлагуудтай албан уулзалт, яриа хэлцэл хийж, дэлхийн хотуудын дээд хэмжээний уулзалтад оролцож, дэлхийтэй алхаа нийлүүлж чадсан байна. Үүний цаана ундны ус цэвэршүүлэх, цэвэрлэх байгууламж, хот тохижилт, хог хаягдлыг боловсруулах зэрэг хотын хөгжилтэй холбоотой олон асуудлын гарц, шийдэл оршин буйг хэлэх нь илүүц биз.

Хотын даргатай холбоотой бас нэгэн том ажил бол газрын харилцаа, хот төлөвлөлт, дэд бүтцийн асуудал. Энэ чиглэлээр нэг жилийн хугацаанд С.Батболдын хийж хэрэгжүүлсэн ажил багагүй байна. Тоймтойгоос нь дурдвал  нийтийн эзэмшлийн талбайд шинээр газар олгох асуудлыг Засаг даргын захирамжаар зогсоож, газрын зөрчил, зам чөлөөлөх аян өрнүүлж, зуслангийн бүсэд газар эзэмшиж буй иргэдэд газар өмчлүүлэх ажлыг эхэлсэн байна. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажил, автозамын томоохон төслүүдийг эхлүүлж, нийтийн тээврийн үйлчилгээнд цахим систем нэвтрүүлсэн нь хотын ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах томоохон ажлууд юм.

Байгаль орчин, агаарын бохирдлын асуудал нийслэлийн хэдэн үеийн удирдлагын толгойны өвчин болсоор ирсэн нь С.Батболдын багийг ч бас тойрсонгүй. Олон жилээр хуримтлан урхагшсан энэ асуудлыг шийдэхийн тул тэд идэвхтэй ажиллаж байна. Нийслэлийнхний ундны усны гол эх үүсвэр Туул голын сав газраас хайрга олборлуулахгүй байх шийдвэр гаргаж, хууль зөрчсөн 96 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоов. Байгаль орчны нөхөн сэргээлтийн хэмжээ  өмнөх оноос  2 дахин нэмэгджээ. Зэрлэг амьтдыг хамгаалах биотехникийн арга хэмжээ анх удаагаа хэрэгжүүлж, байгаль хамгаалалтад технологийн дэвшлийг түлхүү ашиглаж, булгийн эх, уст цэгүүдийг хоёрдогч түүхий эд ашиглан тохижуулан хамгаалж, гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах загвар төсөл хэрэгжүүлэх зэргээр энэ чиглэлд үр өгөөжтэй ажил нэлээдийг хийгээд эхэлчихэж. Нийслэлийн хяналтгүй тэлэлтийг зогсоохын тулд барилгажилт, гэр хорооллын суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоож, орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоож, агаарын бохирдлыг бууруулах талаар шат дараатай арга хэмжээ авч эхэлсэн байна. Тухайлбал, стандартад нийцээгүй зуухыг худалдаа үйлчилгээний төв болон захуудад борлуулахыг хориглож, нийтийн тээврийн 320 автобусанд тортогжилт бууруулах төхөөрөмж суурилуулах ажлыг эхэлж, нийслэлийн агаарын чанарын нэгдүгээр бүсийн 20 мянган айл өрхийг цахилгаанаар халаах ажлын бэлтгэлийг үе шаттайгаар хангаж байна. Нийслэлийн хэмжээнд халаалтын 68 зуухыг зогсоон, уурын зуухаар халж байсан хотхон, сургууль цэцэрлэг зэрэг гуч гаруй барилга объектыг төвлөрсөн дулаанд холбосноор ихээхэн хэмжээний нүүрсний хэрэглээг хязгаарласан байна. Цахилгаан автомашиныг зам ашигласны төлбөрөөс чөлөөлж, хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулдаг болсон, эрчим хүчний шинэ технологи, сэргээгдэх эрчим хүчийг бодлогоор дэмжиж байгаа зэргээр энэ чиглэлд хийж бүтээсэн зүйл арвинтай байгаа аж.

Хот тохижилт, нийтийн аж ахуйн чиглэлээр нэг жилийн хугацаанд хийсэн бүтээснийг нь тоймловол нийслэлийн эмнэлгүүдийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулж, автомашины зогсоолуудыг нь сайжруулж, иргэдийн чөлөөт цагаа таатай өнгөрүүлэх нөхцлийг нэмсэн Шөнийн гэрэлт гудамжийг анх удаагаа нээж, “Шарилжгүй Улаанбаатар” аяныг санаачлан хэрэгжүүлж, борооны ус зайлуулах шугам сүлжээг төвийн 11 байршилд шинээр хийж, харанхуй гудамжны тоог бууруулж, гэр хорооллын цахилгаангүй өрхийн тоог 50 хувиар бууруулж, хориглосон бүсэд байгаа малыг зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх, ТҮЦ-ийн замбараагүй байршлыг цэгцлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Хотын хөгжил, хувь заяаг эцсийн эцэст барилга байшингаар нь биш, харин хүнээр нь тодорхойлдог. Өөрөөр хэлбэл хот хүний төлөө оршин тогтнодог. Хотын бүх зүйл хүний тулд л байдаг. Тийм болохоор нийгмийн салбар, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хотын удирдлагын анхаарлын төвд байхаас аргагүй. Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн бүртгэлийг хялбаршуулах, сургууль цэцэрлэгийн тоо, хүртээмжийг нэмэхийн тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хот ихээхэн ажил хийжээ. “Нийслэлийн боловсрол-2020”  дэд хөтөлбөрт өнөөдөр ерөнхий боловсролын 241 сургууль, 670 цэцэрлэг хамрагдаж байна. Сургууль цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэхэд зарцуулсан хөрөнгийн хэмжээ 2014 онтой харьцуулбал энэ онд 63 тэрбум төгрөгөөр илүү байна. Төрийн бус өмчийн сургууль цэцэрлэг, албан газрын дэргэд цэцэрлэг байгуулах асуудлыг дэмжих бодлого барьсан нь ч өгөөжөө өгч эхэлжээ.

Нийслэлийн эмнэлгүүдийг дэмжих, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах асуудалд байнга анхаарч, нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний 2020 он хүртэлх стратеги төлөвлөгөөг боловсруулах бэлтгэлээ хангаж, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 29 хувийг энэ онд ажлын байраар хангасан байна.

Энэ мэтээр тоочоод байвал хотын даргын нэг жилийн хугацаанд хийж бүтээсэн ажил нэн их аж. Энд хот гэдэг их айлын жил болгон давтан хийдэг аж ахуйн шинжтэй ажлуудыг хэлсэнгүй. Дурдаад өнгөрсөн ажил болгоны цаана маш олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө хүч шаардсан нөр их ажил бий. Тэр болгоныг удирдан зохион байгуулах нь хотын даргын үүрэг.

Улаанбаатар хотыг ер нь сулхан хүн удирдаж байсан нь ховор. Улс орны амин зүрх нь учраас хамгийн шилдэг гэсэн боловсон хүчнээ энэ хариуцлагатай албанд томилдог болохоор тэр биз. Өнөөгийн дарга С.Батболдын хувьд нас тавийн босгоноо тулсан, УИХ-д 4 удаа сонгогдож, УИХ-ын байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга зэрэг хариуцлагатай алба хашиж явсан,  хий нь арилсан хашир туршлагатай улстөрч учраас өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлийн ирээдүйн хөгжилд хэрэгтэй, хэтийг харсан, суурь тулгуур чанартай бодлогын асуудлыг түлхүү авч хэрэгжүүлсэн нь харагдаж байна. Инженер, эрхзүйч, удирдахуйн ухааны мэргэжилтэй нь ч үүнд бас нөлөөлсөн биз. Бас нэгэн магтууштай тал нь өмнөх засаг төр, дарга удирдлагын хийсэн, эхлүүлсэн сайн ажил санаачлагыг үгүйсгэх биш, үргэлжлүүлж байгаа явдал юм. Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр,  “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төрийн бодлогын залгамж чанарыг хангаж  байгаа, хийсэн бүтээснээрээ түрээ барьж өөрийгөө дөвийлгөхгүй даруухан байгаагаараа тэрээр орчин цагийн зарим улстөрчдөөс ялгарч байна. Хийж бүтээх сэтгэл хийгээд чадвар байх аваас богино хугацаанд ихийг амжуулж болдгийг С.Батболд Нийслэлийн Засаг даргаар томилогдсоноосоо хойшхи нэг жилд хийж бүтээснээрээ харуулж байна.

Сэтгүүлч Б.ГАЛААРИД