Үүрэг даалгавар

2012-11-19 00:00:00

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2012 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

2012.11.19

НЭГ. Дүүргүүдийн ЗДТГ аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сонгуулийн ажлын бэлтгэлийг хангах, зохион байгуулж явуулах.

БИЕЛЭЛТ: Монгол улсын аймаг, сум, дүүргийн ИТХ-ын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дах заалтын дагуу дүүргүүдийн Засаг дарга нар сонгогчдын санал авахад шаардлагатай асуудлуудыг тухай бүр шийдвэрлэсэн байна.Сонгуулийн тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд ажиллах төрийн болон үйлчилгээний албан хаагчдыг хуулийн хугацаанд үндсэн ажлаас нь түр чөлөөлж сонгуульд ажиллах нөхцлөөр хангасан тухай мэдээллийг дүүргүүд ирүүлсэн.Сонгогчдын саналын хуудас  дүүргүүдэд ирснийг цагдаагийн байгууллага хамгаалалтад аваад байна. Дүүргүүдийн ЗДТГ санал авах байрын бэлтгэлийг газар дээр нь шалгаж зарим шаардлагатай арга хэмжээг авснаар /Санал авах байрын цонхнуудад төмөр торон хамгаалалт хийх, цахилгааны шугамын гэмтлийг засуулах, байрыг засварлах, шаардлагатай эд зүйлсээр хангах зэрэг/ өнөөдрийн байдлаар санал авах бүх байруудад бэлтгэл хангагджээ.

ХОЁР. Хотын хэмжээнд хийгдэж байгаа бодлогын томоохон зорилт бүхий ажлуудын /нийтийн тээвэр, барилга, шатахуун түгээх станцуудын талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, нийслэлийн хэмжээнд иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч барагдуулалт зэрэг/ үр дүнг тооцох, нийслэлчүүдэд сурталчилан таниулахад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд онцлон анхаарах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн Нийтийн тээврийн газрын ирүүлсэн мэдээллээр Зүүн дөрвөн замаас Саппоро хоорондын 6,7 км замыг нийтийн тээврийн хэрэгсэл 50 минутад нэвтэрч байсан бол авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг хязгаарласнаас хойш дээрх замд 32 минут явдаг болж дундаж хурд 4,0 км/цаг, нийтийн тээврээр зорчигчдын тоо 12,5 хувиар тус тус нэмэгджээ. Туршилтын арга хэмжээ нийтийн тээврийн үйлчилгээнд үр дүнгээ өгч байгаа учир цаашид энэ хязгаарыг Офицеруудын ордноос Таван шар хүртэл сунгахаар төлөвлөж, замын тэмдэглэгээг хийгээд байна.Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний үр дүнд замын хөдөлгөөний ачаалал ажлын өдрүүдэд 20,0 хувиар буурлаа.Барилгын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд гарсан удаа дараагийн ослуудыг давтан гаргуулахгүй байх зорилгоор Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас боловсруулсан “Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, ослоос урьдчилан сэргийлэх тухай” албан шаардлагыг дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтсүүд нутаг дэвсгэрийнхээ байгууллагуудад хүргэжээ.Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсүүд барилга угсралтын болон барилгын ажил гүйцэтгэж байгаа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.

ГУРАВ. УИХ-аар 2013 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан байгууллагууд ирэх оны төсвийн төслийн урьдчилан ирүүлсэн саналд өөрчлөлт оруулах  бол нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэстэй эцэслэн тохирох.

БИЕЛЭЛТ: Дүүргүүдийн ЗДТГ болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нийслэлийн 2013 оны төсөвт тусгах санал болон шаардагдах нэмэлт хөрөнгийн талаар холбогдох албан бичиг, тооцоо судалгааг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлснийг тус хэлтэс хянан судалж байна.

ДӨРӨВ. Тайлант онд төлөвлөсөн ажлуудын явцыг байгууллагууд авч үзэх. Хүлээгдэж буй ажлуудаа үлдэж байгаа хугацаанд хэрэгжүүлэх.

БИЕЛЭЛТ: Дүүргүүдийн ЗДТГ болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийн 2012 оны зорилтод тусгагдсан арга хэмжээнүүдийн биелэлтийг нэгтгэн гаргаж байгаагийн дээр бүтээгдэхүүн үр дүнгийн гэрээг шат шатанд дүгнүүлэх ажлыг үндсэнд нь эхэлсэн байна.Дүүргүүдийн ЗДТГ, эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг дуусгах талаар тухайн байгууллагууд зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа хэдий ч дүүргүүд болон зарим байгууллагад он дамжин хэрэгжих ажлууд байгаа талаарх мэдээллийг нийслэлийн ЗДТГ-т ирүүлжээ.

ТАВ. Нийслэлийн Эрүүл мэндийн газар халдварт өвчин болон томуу, томуу төст өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүйгээр ажлаа зохион байгуулах, нийслэлийн Боловсролын газар ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр улирлын амралтын өдрүүдээр нийтийг хамарсан арга хэмжээг аль болохоор явуулахгүй байх.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 68352 хүн амбулаториор үйлчлүүлсний 4827 буюу 7,1 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон нь өмнөх долоо хоногоос 0,4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1,3 хувиар тус тус өсчээ. 10000 хүн тутамд өвчний 40,3 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 2,3 тохиолдлоор илүү байна.Улаанбаатар хотын 8 дүүргийн /Багахангай дүүргээс мэдээ ирээгүй/ хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 48,2 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж энэ нь өмнөх долоо хоног болон урьд оны мөн үеэс Сүхбаатар дүүргээс бусад дүүрэгт өссөн учир цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээг эмнэлгийн байгууллагууд, иргэд цаг алдалгүй авахыг сэрэмжлүүлж байна.Өвчлөл нэмэгдэж байгаа учир нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүүхдийн ор бүхий эмнэлгүүдэд нөөц ор гаргах, насанд хүрэгчдийн орыг зохицуулах, гэрийн эргэлтийг сайжруулах, түргэн тусламжийн машин болон эмчийн тоог нэмэгдүүлэх, нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авахын хэсэгт нэмэлт эмч ажиллуулах, өрхийн эмнэлгүүдийн цагийг уртасгах зэрэг арга хэмжээ авчээ.Нийслэлийн Боловсролын газар дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга нарт сургуулийн хүүхдийн амралтын хугацаанд /2012 оны 11 дүгээр сарын 12-ноос 26-ны өдрүүдэд/ нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх үүрэг өгсөн ба амралтын хугацаанд багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байна.

ЗУРГАА. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар энэ онд хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн болон түүний гүйцэтгэлийг хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэсэн байгууллагууд нэг бүрээр оны эхнээс нэгтгэн гаргаж, санхүүжилтийн байдлыг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэстэй тохирсны үндсэнд нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд 2012 оны 11 дүгээр сард багтаан оруулах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтран нийслэлийн удирдлагийн зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх асуудлаа бэлтгэж байна.

ДОЛОО. Нийслэлийн ЗДТГ-ын Хотын хөгжлийн бодлогын хэлтэс нэгтгэн зохион байгуулж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас яамдын сайд болон ажил олгогч байгууллагын төлөөлөл, төрийн бус зарим байгууллагуудтай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулах.

БИЕЛЭЛТ: Өнөөдрийн байдлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Барилга, хот байгуулалтын болон Зам, тээврийн сайдтай 2013-2016 онд хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан гарын үсэг зураад байна.Дээрх хоёр яамнаас бусад яамдтай байгуулах “Санамж бичиг”-ийг боловсруулах, баталгаажуулах асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хотын хөгжлийн бодлогын хэлтэс, Үйлдвэрлэлийн хэлтэс, Хууль зүйн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цэргийн штаб энэ сард багтаан зохион байгуулах шаардлагатай.

НАЙМ. Нийслэлийн Мэдээллийн технологийн газар интернет тоглоом тоглуулах, интернет кафе ажиллуулах зэрэг иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмын төслийг холбогдох байгууллагуудаас санал авч  боловсруулан удирдлагуудад танилцуулж улмаар нийслэлийн ИТХ-д оруулах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас өгсөн чиглэл, холбогдох газруудаас авсан саналд үндэслэн нийслэлд интернэт кафе, цахим тоглоомын газар ажиллуулах журмын төслийг боловсруулсан байна.

ЕС. Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газар орон сууцны конторуудын менежментийн хувьчлалыг хүчингүй болгосонтой холбогдуулан бүтэц зохион байгуулалтыг яаралтай хийх.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/674 дүгээр захирамжаар ОСНААУГ-ын харъяа орон сууцны компаниудын гэрээг дуусгавар болгож, нийслэлийн Өмч хувьчлалын комиссын 2012 оны 30 дугаар тогтоолоор менежментийн гэрээг хүчингүй болгосонтой уялдуулан нийслэлийн Өмчийн харилцааны газар, ОСНААУГ-ын даргын хамтарсан 446/60/А тушаалаар ажил хүлээлцэх комисс байгуулан ажиллуулжээ.Орон сууцны компаниуд болон салбарыг орон сууцны ашиглалт хариуцсан Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөхөөр нэр, хаяг, үйлчилгээний байршил, газрын дүрмийг боловсруулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулан, уг хурлаар Орон нутгийн өмчит 19 газрыг байгуулах шийдвэр гарсан.

АРАВ.1200, 1234 тусгай дугаарын утас болон дээрх дугаарын цахим хуудсуудаар ирсэн өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулахад нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд хариуцлагатай, шуурхай, чирэгдэлгүй ажиллах.

БИЕЛЭЛТ: Энэ үүргийн биелэлтийн явцын талаар нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд мэдээлэл хийнэ. Цаашид 14 хоног тутамд шуурхай зөвлөгөөнд мэдээлж байх болно.

     Анхаарал тавьсанд баярлалаа.

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                                      ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС