Үүрэг даалгавар

2012-10-22 00:00:00

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2012 ОНЫ 10 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

2012.10.22

НЭГ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн төр захиргааны бүх байгууллагууд өөрсдийн нэрэмжит ажил зохион байгуулж иргэдэд хүргэх.Нийслэлийн өдрийн үеэр зохион байгуулагдах ёслол хүндэтгэл, нэгдсэн арга хэмжээ бүрт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд ач холбогдол өгч оролцох.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/566 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Баатархүүгээр ахлуулан байгуулсан ажлын хэсэг 6 удаа хуралдаж ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх асуудлуудыг тухай бүр шийдэж иржээ.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хашаандаа мод, бут сөөг тарьсан 9 дүүргийн 409 өрхийг шалгаруулан 28,0 сая төгрөгийн урамшуулал олгосон, олон улсын хоолны үзэсгэлэн худалдааг нийслэлд зохион байгуулсаны гадна  гэрэлтүүлгийн ажлыг шилдэг хийдэг компани, шилдэг гэрэлтэй байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулах болзолт уралдаан зарласан байна.Нийслэлийн өдрийн өмнө буюу 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийтийн их цэвэрлэгээ хийх, “Спортлог Улаанбаатар” нэгдсэн арга хэмжээ явуулах, нийслэлийн Иргэний танхимд шинэ санааг бүртгэх өдрүүдийг бий болгон ажиллуулах, дүүргүүд хорооддоо “Иргэдийн баяр” зохион байгуулах, “Хүрээ соёл- Хот байгуулалт” үзэсгэлэн гаргах зэрэг хэд хэдэн арга хэмжээ төлөвлөгдсөн болно.Нийслэлийн өдрийг угтаж нийслэлийн Эрүүл мэндийн газар, ОСНААУГ зэрэг байгууллагууд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулсан, Чингэлтэй дүүргийн ЗДТГ төрийн албан хаагчдын дунд “Спорт наадам-2012” тэмцээн явуулсан, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ нутаг дэвсгэрийнхээ боловсролын байгууллагуудыг хамруулан “Цэцээ гүн-2012” явган аялал, Баянгол дүүрэг ”Талархалын өдөрлөг” хийсэн, Багахангай дүүргийн ЗДТГ дүүргийн хүндэт тугийг нутаг дэвсгэрийн байгууллагуудаар аялуулсан зэрэг ойн хүрээний ажлууд олон байна.

ХОЁР. Дүүргүүдийн Засаг дарга нар өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ бүхий газруудад болон гэр хорооллыг хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл гэр бүлийн хэрэгцээнд газар шинээр олгохгүй байх.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 тоот тогтоолыг хэрэгжүүлж дуудлага худалдаа явуулах, төсөл сонгон шалгаруулах, орчны тохижилтын ажлын зориулалтаас бусад хэлбэрээр газар олгохгүй байгаа болон шинээр газар эзэмшихийг хүссэн өргөдөл хүлээн авахыг түр хугацаагаар зогсоосон тухайгаа дүүргүүдийн Засаг дарга нар шуурхайн биелэлтийн мэдээлэлдээ ирүүлжээ.Газар олголттой холбоотой асуудлаар нийслэлээс гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр нийслэл, дүүргийн Газрын албадын ажилтнууд иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тайлбарлан таниулах ажлыг өдөр тутам хийж байна.

ГУРАВ. Улаанбаатар Дулааны сүлжээ ХК, ОСНААУГ хамтран нийслэлийн харъяа байгууллагуудад суурилагдсан халаалтын цогц төхөөрөмжүүдийг мэргэжлийн байгууллагуудад шилжүүлэх санал боловсруулж нийслэлийн ИТХТ-ийн хуралд оруулах.

БИЕЛЭЛТ: “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд суурилагдсан халаалтын тоног төхөөрөмжийг нийслэлд хүлээлгэн өгөх тухай Төрийн өмчийн хорооны тогтоол гараад байна. Уг төслийн зээл, зээлийн хүүг нийслэлийн ОСНААК-иуд төлөх төлбөрийн чадваргүй тул бусад эх үүсвэрээс шийдвэрлүүлэх хүсэлтийг нийслэлийн Засаг даргаас Сангийн яаманд хүргүүлсэн.

ДӨРӨВ. Өвөлжилтийн бэлтгэл хангасан байдлыг нийслэл, дүүргийн өвөлжилтийн ажлыг зохион байгуулах комисс, тухайн ажлыг хариуцсан газар, хэлтэс, албад хамтран нутаг дэвсгэрийн хэмжээнд шалгаж, цаашид яаралтай авах арга хэмжээний санал боловсруулж ажиллах. Энэхүү үүргийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр болон Захирагчийн ажлын алба нэгтгэн зохион байгуулах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн өвөлжилтийн 2012-2013 оны бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган ажилласан нь үр дүнгээ өгч засвар шинэчлэлийн ажлууд хугацаандаа хийгдэж авто болон явган хүний зарим замын шинэчлэлээс бусад нь дуусчээ.Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 2012 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар 97.0 хувьтай байна.Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2012 онд орон сууцны байруудын дээврийг хэсэгчлэн солих, цахилгаан шатыг шинэчлэх ажлыг гүйцэтгэсэн ба цаашид ч гүйцэтгэхээр төлөвлөн төсөв, төлөвлөгөөнд зардлыг тусгасаар байхад Хан-Уул дүүргийн ЗДТГ “Био” Сууц өмчлөгчийн холбооны харъяа байруудын ханын дулаан алдалтыг буруулахаар засвар хийх 82.0 сая төгрөгийг 2012 оны төсвийн тодотгол, 2013 оны төсөвт суулгах асуудлыг тавьж байгаа нь хугацаа хожимджээ. Иймд энэ асуудлыг дүүрэг, тухайн СӨХ шийдвэрлэвэл зохино.

ТАВ. Байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцуудын дулааныг жигдрүүлж горимд оруулах, өнөөдрийн байдлаар халаалт аваагүй нэр бүхий орон сууцуудыг дулаанаар хангах асуудлыг ОСНААУГ, Улаанбаатар Дулааны сүлжээ ХК, СӨХДЗ, дүүргүүдийн ЗДТГ хамтран энэ долоо хоногт шийдвэрлэх.

БИЕЛЭЛТ: Өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үед халаалтаа аваагүй байсан СХД-ийн нутаг дэвсгэрийн Тоосгон заводын 33 айл, 21 дүгээр хорооллын 3-48 айл, “Ар жанар” ХХК-ны ус, дулаан дамжуулах төвөөс дулааны эрчим хүчээр хангагддаг Хилчин, Хүнс трейдийн байруудын халаалтыг өгч жигдрүүлсэн бол өр төлбөрийн асуудлаас шалтгаалан СБД-ийн “Бага тойруу-64” СӨХ-ны байр халаалтгүй, шугамын засвартай байснаас БЗД-ийн “Хаш-Өргөө” СӨХ-ны байрын халаалт өнөөг хүртэл доголдолтой байна  Цэвэр агаар сангаас санхүүжүүлэн БЗД-ийн 8 дугаар хороонд баригдсан УС-15-ын дулаан дамжуулах төвийг ашиглалтад хүлээн авч тус төвөөс хангагдах  орон сууцны 12 байрыг холбосон ба инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллага болох “Эцэг, эх, хүү” ХХК-д хариуцууллаа. Цаашид баригдаад олон жил болсон орон сууцны байруудын Сууц өмчлөгчдийн холбоодыг МСӨХДЗ-ийн гишүүн байгууллага болгох, хуучин байруудын инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээг ОСНАА-н конторуудад харъяалуулах асуудлыг дүүргүүдийн ЗДТГ, МСӨХДЗ, ОСНААУГ хамтран шийдвэрлэх шаардлагатай.

ЗУРГАА. Дулаан, цахилгааны шугам солих, засварлах, авто болон явган хүний зам тавихаар ухсан газруудын шороог тэгшилж, хогийг цэвэрлэж ачуулан хуучин байдалд нь болгох ажлыг нийслэлийн Авто замын газар, Улаанбаатар ЦТС, ДШС ХК , ОСНААУГ 10 дугаар сарын 20-ноос өмнө гүйцэтгэх.

БИЕЛЭЛТ: Дүүргүүдийн ЗДТГ дүүргийнхээ нутаг дэвсгэрт ухсан газруудын шороог тэгшилж, хогийг цэвэрлэн ачуулсан байдалд үзлэг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах мэдэгдэл хүргүүлснээр дээрх нэр бүхий газруудаас УБЦТС, УБДС ХК, УСУГ, ОСНААУГ-уудад үүрэг хэрэгжсэн. Харин нийслэлийн Авто замын газрын захиалгаар ажил гүйцэтгэж байгаа зарим компани авто болон явган замд шороог тэгшлэх, хогийг цэвэрлэн ачих ажлыг энэ сарын 25-наас өмнө дуусгаж хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна. /Авто замын ажил 11 хэсэгт хийгдэж байгаа/  

ДОЛОО. ОСНААУГ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр тавдугаар хорооллын ЦТП-2-ийн хоёдугаар хэлхээний 15,16, 17 дугаар байруудын шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх ажлыг энэ долоо хоногт дуусгаж тухайн байруудын халаалт, халуун усны доголдлыг арилгах. Мөн зарим конторуудын эзэмшлийн ашиглагдахгүй байгаа болон тоногдсон тоног төхөөрөмжүүдийн судалгаанд үндэслэн тэдгээрийг хэвийн байдалд оруулах.Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар иргэдийн мэдээлэл, гомдлын мөрөөр хонгилын системийн ажил гүйцэтгэж байгаа “Тайгам алтай” ХХК-ны ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж хариуцлага алдсан төрийн албан хаагчдад арга хэмжээ авах.

БИЕЛЭЛТ: Улаанбаатар Дулааны сүлжээ ХК-ны гаргасан судалгаа, бүртгэлд үндэслэн ОСНААУГ зарим конторын эзэмшлийн ашиглагдахгүй болон тоногдсон тоног төхөөрөмжүүдийг хэвийн байдалд оруулж байна.ОСНААУГ-ын захиалгаар гүйцэтгэж байгаа хонгилын системд шилжүүлэх ажлаас хонгил доторхи инженерийн шугам сүлжээний 1,2 дугаар хэлхээний угсралтыг хийж худагт холбосноор тус төвийн харъяа орон сууцны байр, аж ахуйн нэгжүүдийн халаалт, халуун усыг “Насос-4” станцаас түр хангаж байсныг өөрчлөн халаалт, халуун усны доголдлыг арилгалаа. “Тайгам алтай” ХХК-ны ажлын гүйцэтгэлд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрыг төлөөлсөн хяналтын инженер мэргэжлийн хангагч байгууллагуудтай зөвшөөрөлцсөнийг албажуулаагүйг шалгалтын явцад тогтоож, хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан байна.

НАЙМ. ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэс, Улаанбаатар ЦТС ХК цахилгааны зарим дэд станцыг шилжүүлэн байрлуулах, засварлах асуудлыг Эрчим хүчний яаманд дахин тавих, цахилгааны саатлаас үүдэн энэ өвөл нийслэлчүүдийн өвөлжилтөд хүндрэл учруулахгүй байх нөхцлийг хангуулах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн хойт хэсгийг цахилгаан эрчим хүчээр хангадаг “Хайлайст” дэд станцын трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгийн асуудлаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл  Эрчим хүчний сайдад албан бичиг явуулж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ болон УБДС ТӨХК, ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийнхэнтэй хамтарсан уулзалт зохион байгуулжээ. Энэ станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр  2012 оны 10 дугаар сарын 19-24-ний өдрүүдэд “Туул” дэд станцаас буулгасан хоёр трансформаторыг шилжүүлэн тээвэрлэж угсралт, холболтыг хийж байна.

ЕС. Ус сувгийн удирдах газар нийслэлийн ундны эх үүсвэр, Төв цэвэрлэх байгууламжид үзлэг хийж энэ сарын 20-ны дотор үйл ажиллагааг жигдрүүлэх.

БИЕЛЭЛТ: Өнөөдрийн байдлаар тус газрын харъяа Төв цэвэрлэх байгууламж, эх үүсвэрийн 4 станц, дамжуулан шахах станцуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. “Туул-1” бохир усны шугамын 1, 2 дугаар ээлжийн болон 38 дугаар коллекторын ажил тус бүр 90,0 хувь, Ханын материалын бохир усны шугамын ажил 30,0 хувьд хүрчээ. “Туул” дэд өртөө, ВААР-35 дэд станцад цахилгааны засвар хийх явцад хүчдэл тодорхой хугацаагаар доголдсон, Баянхошууны цэвэр усны насос станцад гэмтэл гарснаас цэвэр ус тасалдаж иргэдийг бухимдуулсан нь инженерийн байгууламжуудын ажлын уялдаа холбоо муугаас болсонд анхаарвал зохино.

АРАВ. Нийслэлийн Онцгой байдлын газар хотод  үүсч  болзошгүй гамшгийн байдлын, Замын цагдаагийн газар зам тээврийн осол, зөрчил жил тутам өсч байгаагийн шалтгаан нөхцлийн талаарх судалгаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж ойрын хугацаанд танилцуулах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газар холбогдох судалгаа, саналуудаа нийслэлийн Засаг даргын нэр дээр албан тоотоор ирүүлээд байна.

АРВАН НЭГ. Нийслэлийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс нийслэлчүүдийг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангах зорилгоор “Нийслэл Улаанбаатар хотын газар олголт, барилгажилт, хот байгуулалтын нийтлэг журам”, “Түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх, тэдгээрийг ажиллуулах журам”-ыг шинээр гаргах, Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх асуудлыг нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журамд тусгах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтан, нийслэлийн иргэдээс санал авсны үндсэнд боловсруулж шийдвэрийн төслийг танилцуулах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс дээрх журмуудын төслийн боловсруулалтыг хийж байна.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ “Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг тусгай бэлтгэсэн асуулгаар аж ахуйн нэгжүүдээс авчээ.Архи, тамхины хэрэглээг хязгаарлах, 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа, тамхиар үйлчлэхийг хориглосон хуулийн заалтын биелэлтийг хангуулах, тогтоосон цагийн хуваарийг мөрдүүлэх зорилгоор ЗАА, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар болон Төрийн бус зарим байгууллага хамтран согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй 3961 аж ахуйн нэгжийн удирдлагатай хэсэгчилсэн уулзалт зохион байгуулж улмаар тэдэнтэй хамтран ажиллах гэрээг дүүргүүдийн ЗДТГ дээр хийж байна.

 

            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

            ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС