Үүрэг даалгавар

2012-10-08 00:00:00

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2012 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ Н.БАТАА БОЛОН НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

 

2012.10.08

НЭГ. Монгол  Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэлийг ажлын хэсэг болон нийслэл, дүүргийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, нийслэлийн Соёл, урлагийн газар зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтнууд сайтар хангах. Нийслэлийн өдрийг угтаж хороод болон дүүргүүдийн ЗДТГ “Иргэний баяр” зохион байгуула х.

БИЕЛЭЛТ: Дүүргүүдийн ЗДТГ нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гарган ажиллажээ. Мөн “Иргэдийн баяр”-ыг энэ сард зохион байгуулахаар хугацааг товлон хөтөлбөр баталж, иргэддээ мэдээлэл өгч байна.Ой угтаж болон ойн үеийн арга хэмжээг зохион байгуулах талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, ажлын хэсгийн дарга Ц.Баатархүү өнөөдрийн шуурхай зөвлөгөөнд мэдээлэл хийнэ.

ХОЁР. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас  дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газруудад эрх шилжүүлэн хэрэгжүүлж байгаа ажлуудаас 2012 онд хийх боломжтойг цаг алдалгүй гүйцэтгэх, онд нь багтаан хийх боломжгүйд хүрч байгаа ажлуудын жагсаалтыг гаргаж төлөвлөгдсөн хөрөнгийг нийслэлийн төсөвт буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт 2012 онд гэрээ хийгдсэн 229,027,0 сая төгрөгийн өртөг бүхий 1079 нэр төрлийн барилга байгууламжийн угсралт, их засвар, зураг төслийн ажлаас 2012 оны 10 дугаар сарын 04-ний байдлаар 517 ажил дуусч ашиглалтад хүлээлгэн өгсөн, 496 ажлыг гэрээт хугацаанд дуусгахаар хяналт тавин ажиллаж байна. Төлөвлөгдсөн хөрөнгийг бүрэн ашиглах боломжгүйд хүрсэн гэрээт 66 нэр төрлийн төсөл, арга хэмжээний ажлыг хөрөнгийн эх үүсвэрээр авч үзвэл: Нийт гэрээний үнийн дүн 123,857,9 сая төгрөг, үүнээс Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 11,933,5 сая төгрөг, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 5,719,4 сая төгрөг, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас  Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтад шилжих 23,655,6 сая төгрөг, нийт 41,308,5 сая төгрөгийн ажил он дамжих байдалд хүрснийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын газар хамтран төлөвлөгдсөн хөрөнгийг хэрхэхийг нэн даруй шийдэх шаардлагатай.

ГУРАВ. Нийслэлийн Агаарын чанарын албанаас энэ сарын 28-ны өдрийн 11.00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах “Агаарын бохирдлын эсрэг орон байрын дулаалга”-ын сарын аяны нээлтэд дүүргүүдийн ЗДТГ иргэдийг сайн оролцуулах. Өдөрлөг зохион байгуулах болон сарын аяны хугацаанд хийх ажлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилах.                 

БИЕЛЭЛТ: Сарын аяны нээлтийн арга хэмжээний үеэр агаарын бохирдолгүй орон байраа халаах төрөл бүрийн халаалтын шийдлүүд, дулаалгын материалууд, боловсруулсан түлш, сайжруулсан зуух, дулаан баригч, утаа шүүгч гэх мэт бохирдол гаргадаггүй бүтээгдэхүүнүүдийг 60 гаруй аж ахуйн нэгж танилцуулсан. Өдөрлөгийн арга хэмжээнд хэвлэл, мэдээллийн 10 гаруй байгууллага, иргэдийн төлөөлөл 20,0 мянга гаруй иргэн оролцжээ.

Аян нь агаарын бохирдлыг бууруулах, алдагдлыг багасгах чиглэлээр төр, захиргааны болон гадаадын байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих, олон нийтийг татан оролцуулах, эрчим хүчийг хэмнэх, дулааны алдагдлыг багасгах талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.

Дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй, амины болон ажлын байрны зориулалттай сууцуудын загварыг  2013 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Д.Сүхбаатарын талбайд өргөтгөн байршуулахаар нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн.

ДӨРӨВ. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот албан даалгавар, Засгийн газрын 2012 оны 53 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн 2013 оны хэрэгцээний нөөцийн мал, мах бэлтгэх ажлын явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат эрчимжүүлэн ажиллах.

БИЕЛЭЛТ: Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 178, 2010 оны 138 дугаар тогтоолын дагуу нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан 2013 онд 12000 тонн нөөцийн мах бэлтгэн борлуулах ажлыг зохион байгуулах талаар санал боловсруулан ҮХААЯ-нд хүргүүлээд байна.     

ТАВ. Олон улсын ахмадын өдрөөр байгууллага, аж ахуйн нэгжүүд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ ахмадууддаа зориулан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах, тэднийг өргөнөөр оролцуулах талаар нийслэлийн Ахмадын хороотой хамтран ажиллах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн хэмжээнд ахмадуудад зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээг 55 удаа зохион байгуулж 70065 ахмадыг хамруулан, нийт 206,0 сая төгрөг зарцуулсан байна.

Дүүргүүдийн ЗДТГ хорооддоо зохих хэмжээний зардал шийдвэрлэн өгч ахмадын баярыг тэмдэглэхэд нь дэмжлэг үзүүлжээ. Дүүргүүдээс зохион байгуулсан зарим онцлох ажлаас дурьдвал:

-Налайх дүүрэг ахмадуудад зориулсан сувиллыг ашиглалтад хүлээн авч уг сувиллын нээлтийн үеэр ахмад уурхайчин эмэгтэйчүүдийг оролцуулсан “Эргэн дурсахуй” уулзалтыг зохион байгуулсан

- Чингэлтэй, Хан-Уул дүүргүүд ахмадуудын үйлдвэрлэсэн гар урлалын бүтээл, хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргасан

- Сонгинохайрхан дүүрэг дүүргийн ахмадын хороо байгуулагдсаны 20 жилийн ой угтаж гурван үеийн чуулга уулзалт хийсэн ба ахмадуудын түүхэн замналын ном гаргасан

- Баянзүрх дүүрэг ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн ба Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт сонирхуулсан

-Баянгол дүүрэг “Дүүргийн хүндэт иргэн” цол бий болгон 23 ахмадад олгосон, ахмадуудын шатрын аварга шалгаруулсан

-Сүхбаатар дүүрэг ахмад эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн тэмцээн явуулсан

-Багахангай дүүрэг нийт ахмадуудын дунд “Эрүүл агаар эм” өдөрлөг тус тус зохион байгуулсан байна.

ЗУРГАА. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шингэрүүлсэн хий, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, худалдан борлуулах цэгүүдэд холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийн хэрэгжилтийг нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргаар ахлуулсан мэргэжлийн байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн шалгана. Дүүргүүдийн Засаг дарга нар уг ажлын хэсгийг дүүргийнхээ нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгжүүдэд ажиллах нөхцөл, боломжоор хангах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/582 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг урьдчилсан судалгаагаар зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэж гарсан 8 аж ахуйн нэгжийн шатахуун түгээх 51 газарт шалгалт хийсэн дүнг нийслэлийн удирдлагын зөвлөлийн энэ долоо хоногийн хуралдаанд оруулахаар бэлтгээд байна.Шалгалтын дүнд үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шингэрүүлсэн хий, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, худалдан борлуулах цэгүүдэд холбогдох хууль тогтоомж, стандарт, норм, дүрмийн хэрэгжилтийг хангуулах талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, шийдвэрийн төсөл боловсруулагдсан.Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан удирдамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт шингэрүүлсэн шатдаг хийн хангамж, үйлчилгээ, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй нийт 42 аж ахуйн нэгжийн авто машиныг хийгээр цэнэглэх 7 станц, хий борлуулах 19 барилга, нийтийн хоолны 32 газрын хийн баллонт тоног төхөөрөмж, барилга байгууламжийн угсралт, ашиглалт, хадгалалт, тээвэрлэлтийн байдлыг шалгахад 7 аж ахуйн нэгжийн 5800 баллоны 2143 буюу 37.0 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, ээлжит магадлалд ороогүй, авто машиныг хийгээр цэнэглэх 3 станц, хий борлуулах 19 барилга байгууламжийг зураг төсөлгүй барьсан нь тогтоогдсон.Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 12 аж ахуйн нэгжид албан шаардлага, 3 аж ахуйн нэгжид акт, 1 аж ахуйн нэгжид үйл ажиллагааны дүгнэлт гарган хүргүүлсэн ба зөрчил бүхий аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хуулийн заалтаар 2950,0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж барагдуулжээ.

ДОЛОО. “Зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоох тухай” нийслэлийн Засаг даргын 2012 оны А/557, “Захирамжийн биелэлтийг эрчимжүүлэх тухай” 2012 оны А/575, “Газар албадан чөлөөлөх тухай” 2012 оны А/580 дугаар захирамжуудыг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллага, албан тушаалтнууд анхаарлаа хандуулан зохион байгуулж хийсэн ажлаа тухай бүр дүгнэн ярилцаж, цаашид авах арга хэмжээг төлөвлөн ажиллах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл барилгын салбарын 12 мэргэжлийн холбооны удирдлага, төлөөллийг хүлээн авч уулзан барилгын байгууллагуудад үүссэн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан. “Зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоох тухай” нийслэлийн Засаг даргын 2012 оны А/557 захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж байгаа барилга байгууламжийн чанар, өргөх байгууламжийн техник ашиглалт болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгэм хамгааллын байдалд Монгол Улсын Төрийн хяналт, шалгалтын тухай, Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Хөдөлмөрийн тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудын холбогдох заалт, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоол, салбарын дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн хүрээнд СБД, БГД, БЗД, ХУД, ЧД, СХД, БНД, НД-т шалгалт хийн 594 объект, 782 ачаа өргөх байгууламж, 1892 аж ахуйн нэгж, байгууллага, 1629 инженер техникийн ажилтныг хамрууллаа.

            Шалгалтаар доорх нийтлэг дутагдлууд илэрсэн болно. Үүнд:

            -Ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил хийсэн

            -Тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж барилгын ажил гүйцэтгэсэн

            -Ус, дулаан, цахилгаан, цэвэр бохир усны хангагч байгууллагаас техникийн нөхцөл аваагүй буюу дутуу авсан

            -Талбайн журналгүй, дутуу хөтлөгдсөн, хөтлөлт нь шаардлага хангаагүй

            -Ил, далд ажлын акт бичигдээгүй, холбогдох мэргэжилтнүүдээр баталгаажуулаагүй зэрэг 1337 зөрчил дутагдал давхардсан тоогоор илэрчээ.

            Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад улсын байцаагчийн 59 албан шаардлага, 70 дүгнэлт, барилга угсралтын ажлыг зогсоох тухай 176 акт гарган хүргүүлж, 78,4 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулж, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй 90 объектын цахилгаан хангамжийг тасалж, барилга угсралтын ажлыг зогсоогоод байна.“Газар албадан чөлөөлөх тухай” нийслэлийн Засаг даргын 2012 оны А/580 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Газрын алба нэр бүхий 10 байршилд байгаа ТҮЦ, вагончик, хашаанаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн “Талст” дэлгүүрийн өмнөх ногоон байгууламж бүхий хөшөөт цогцолбороос бусдыг буулгаж газар чөлөөлөөгүй байна.

НАЙМ. Захирагчийн ажлын алба Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 120 мянгатын аюулгүйн тойргийн зүүн талд байрлалтай зам, гүүр барих трасст орсон рекламын самбаруудыг буулгах, нийслэлийн Газрын алба Богд хааны ордон музей болон “АПУ” компаний хашааг дотогш татуулж замын ажил явуулах нөхцлийг хангаж өгөх.

БИЕЛЭЛТ: Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 120 мянгатын аюулгүйн тойргийн зам засварын ажилтай холбогдуулан авто замын зорчих хэсэгт орсон рекламын 5 самбарыг Захирагчийн ажлын алба буулгасан.Шинээр тавигдах явган хүний замд байрлалтай 3 самбарыг буулгуулах талаар эзэмшигч байгууллагад нь хугацаатай үүрэг өгсөн.

            Богд хааны ордон музейн хашаа нь Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээний газарт хамрагдсан учир нийслэлийн Авто замын газар замын зургийн автортай /зохиогчтой/ зөвшилцөж замын зургийг өөрчилөн батлуулснаар газар чөлөөлөх шаардлагагүй болж замын ажил үргэлжилж байна.

ЕС. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон сууцад суугч бүрийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахад ОСНААУГ, Монголын СӨХДЗ хамтран ажиллах. Сууц өмчлөгчдийн холбоодоос иргэдтэй ажиллах ажлыг шинэ шатанд гаргах. Орон сууцуудад шинээр тавигдаж байгаа цахилгаан шатнуудын талаар дүгнэлт гаргаж танилцуулах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн өвөлжилтийн комисс өвөлжилт нь хүндрэл учирч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн болон шугам сүлжээний засварт шаардлагатай хөрөнгийг боловсрол, эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэх, орон нутгийн өмчийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийг нийслэлийн төсвийн боломжит эх үүсвэрийг ашиглан шийдвэрлэж ажилласнаар нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 2012 оны 10 дугаар сарын 08-ны байдлаар 97,1 хувьтай байна.

Дүүргүүдийн өвөлжилтийн комиссууд 2012-2013 оны өвөлжилтийн урьдчилсан дүнг нэгтгэн дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэн ажиллажээ.Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд үйлдвэрүүдээс нийлүүлж буй түлшийг “Билэг” ХХК, “Бөөний худалдаа” ХХК-иудын 1100 м2 агуулахыг түрээслэн 2012 оны 10 дугаар сарын 03-ны байдлаар нийт 1894,7 тонн үртсэн шахмал түлш, 600,0 тонн коксон шахмал түлш нөөцөлсөн ба “Цэвэр агаар” төслөөс 7000 гаруй зуух нийлүүлэгдсэн, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 128 өрхөд шалны цахилгаан халаагуур суурилуулсан, Баянгол дүүргийн 1500 өрхөд  дулаан баригч бүтээгдэхүүн нийлүүлэх ажил хийгджээ.Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах бүсийн 9 хороонд түлш борлуулах газруудыг судлан үзэж хороо тус бүрт эхний ээлжинд хоёр хоёр борлуулалтын цэг байгуулахаар төлөвлөн түлш борлуулалтын ажлыг эхлүүлээгүйд нийслэлийн Агаарын чанарын алба, дүүргүүдийн ЗДТГ анхаарлаа хандуулж шуурхай ажиллах шаардлагатай байна.Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангасан БЗД, БГД-ийн Хаш-Өргөө, Соёмбо, Далт СӨХ-дын ажил дээр үзүүлэх сургууль зохион байгуулж бүх Сууц өмчлөгчдийн холбоодын захирлуудыг оролцуулсан байна. Мөн орон сууцад халаах хэрэгсэл суурилуулах, зоорийн давхрын салхивч дулаалах, заагийн цанталт, орцны хаалга, цонх дулаалж вакумжуулах зэрэг ажлыг гүйцэтгээд байгаагийн дээр угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулж гадна болон дотор талаас нь дулаалга хийх тооцоо судалгаа,техникийн дүгнэлт, мөн ашиглалтын хугацаа нь 40-өөс дээш жил болсон халаалтын дотор системтэй хуучин байруудын судалгааг гаргаж холбогдох дээд газруудад хүргүүлжээ.Энэ онд 158 цахилгаан шатыг шинэчлэх шийдвэр гарснаас одоогоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн орон сууцны 25 шатыг шинэчлэн улсын комисст хүлээлгэн өгөх шатанд, үлдэх 133 шатыг шинэчлэх тендер зарлагдаж “Ремкан импекс”, “Цамхаг констрайкшн” ХХК-ууд шалгарсан боловч тендерт оролцогч бусад байгууллагуудын маргаантай асуудлаас шалтгаалан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж өнөөг хүртэл ажил эхлээгүй байна.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

   ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС