Үүрэг даалгавар

2012-04-25 00:00:00

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2012 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР БОЛОН НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

 

2012 оны 05 дугаар сарын 09-ний байдлаар

 

НЭГ. Монгол Улсын Их Хурлын болон Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэлийг нийслэл, дүүргийн ЗДТГ, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд хангуулах.

БИЕЛЭЛТ: Дүүргүүдийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Монгол Улсын Их Хурлын болон Орон нутгийн хурлын сонгуулийг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан, сонгогчдын нэрсийн жагсаалтыг нэг бүрчлэн тулгалт хийн баталгаажуулсан, нэр дэвшигчдийн сурталчилгааны самбар байршуулах газрын талаар шийдвэр гаргажээ.

Дүүргүүдийн ЗДТГ мэдээллийн технологийн даамлаар ажиллах албан хаагчдын болон сонгуулийн хэсгүүдийг интернетэд холбох судалгааг гаргаж СЕХ-нд хүргүүлсний дээр тойрог, хэсгийн хороодын байрыг бэлтгэж байна.

 

ХОЁР. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар нийслэлийн энэ оны төсвийн тодотгол хэлэлцэхтэй холбогдуулж нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат, нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар хотын цэвэрлэх байгууламжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ердийн халаалтын зуухуудыг буулгаж нэгдсэн холболттой болгох хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ, санхүүжилтийн байдлыг нэг бүрчлэн тооцон боловсруулж хуралдаанд оруулах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэхтэй холбогдуулж Хотын ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажлын төсвийн саналыг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар боловсруулж Санхүү, төрийн сангийн хэлтсээр хянуулан оруулсан байна. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2010-2011 онд гүйцэтгэсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголын тухай асуудлуудыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн болно.

Улаанбаатар хотын төв болон Нисэхийн цэвэрлэх байгууламжийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг олон улсын нээлттэй тендер хэлбэрээр зарлахаар материалыг бэлтгэж холбогдох байгууллага, албан тушаалтнуудыг оролцуулан хуралдаад Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг Төрийн өмчийн хороонд тавих, Нисэхийн төв цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулахад нэмж шаардагдах хөрөнгийн талаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар тогтоод байна.

Баянзүрх дүүргийн 8 дугаар УС-15, Дотоод хэргийн их сургууль, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн-1000 орчмын төвлөрсөн халаалтын болон жижиг хэрэглэгчдийн зуухуудыг буулгаж төвлөрсөн сүлжээнд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгууллаа.

Төвлөрсөн дулаан хангамжийн системд ойр байрлалтай Баянгол дүүргийн 20 хорооны /хуучнаар Дэвшил САА-н хойт тал/ 100 гаруй өрхийг төвлөрсөн дулаантай болгох асуудлыг судалж байна.

 

ГУРАВ. Нийслэлийн Засаг даргын орлогч нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа /Тухайлбал: ТЭЦ-5 станцыг барихад хотын оролцоо, дэмжлэг ямар хэмжээнд байх, Орон нутгийн өмчийн концессыг хэрэгжүүлэлтийн байдлаа дахин авч үзэх зэрэг/ ажлын талаар яамдын холбогдох удирдлага, албан тушаалтнуудтай уулзаж мэдээлэл авах, ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ ярилцан тохирох.

Нийслэлийн удирдах ажилтнуудын дараагийн шуурхай зөвлөгөөнд нийслэлд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын мэдээллийг салбар салбараар хийх.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 2012 онд захиалагчийн хяналт тавин хэрэгжүүлж буй ажлын мэдээг салбар салбараар нэгтгэн гаргасан. Цаашид нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын бүхий л ажлын мэдээг тус газар нэгтгэн танилцуулж байх шаардлагатай. /Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Төмөрчулуун мэдээлэл хийнэ/

 

ДӨРӨВ. Нийслэлийн Засаг даргын орлогч нар нийслэлийн хэмжээнд энэ онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд дээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар байгуулсан гэрээний заалтын дагуу ажлыг эхлүүлэх, явцад хяналт тавих.

БИЕЛЭЛТ: Нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг 45 байгууллагад 400.0 орчим сая төгрөгийн санхүүжилт өгөхөөр байгуулсан гэрээний дагуу санхүүжүүлж байна.

 

ТАВ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар энэ сарын 21-ний “Бямба” гарагт зохион байгуулсан нийтийн их цэвэрлэгээнд гараагүй нэр бүхий 92 аж ахуйн нэгж, байгууллагад хууль, тогтоомжид нийцүүлэн хариуцлага тооцох, цэвэрлэгээг тэдгээр газруудаар хийлгэх.

Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ, хороод ирэх амралтын өдрүүдэд гэр хороололд нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж дүнг нийслэлийн удирдах ажилтнуудын дараагийн шуурхай зөвлөгөөнд мэдээлэх.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн сарын 21-ний өдрийн их цэвэрлэгээнд гараагүй байгууллага, аж ахуйн нэгжүүдээр цэвэрлэгээг нөхөн хийлгэж 5270 м2 талбайгаас 34.0 тонн хог хаягдлыг төвлөрсөн цэгт ачуулсан байна. Мөн дээрх газруудад улсын 11 байцаагч ажиллан 24 заалт бүхий 12 албан шаардлага, 43 мэдэгдэх хуудас хүргүүлэн, улмаар 16 нэгж, байгууллагын зөрчлийг газар дээр нь арилгуулан, 2 иргэн, 33 аж ахуйн нэгжид холбогдох хуулийн хүрээнд 3.186.600 төгрөгийн торгууль ногдуулан барагдуулжээ.

Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ зохион байгуулан 2012 оны 4 дүгээр сарын 28-ны “Бямба” гарагт гэр хороололд нийтийн их цэвэрлэгээ хийсэн. Өнгөрсөн өдрүүдэд Туул, Улиастай, Дунд голын ай савыг байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд цэвэрлэсэн байна.

Нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээ хийгдсэн өдрүүдэд Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 21226 тонн, Морин давааны төвлөрсөн цэгт 3028 тонн хог хаягдал хүлээн авсан нь цэвэрлэгээний өмнөх өдрүүдээс эрс нэмэгджээ. /Цэвэрлэгээ зохион байгуулсан талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат мэдээлнэ/

 

ЗУРГАА. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар их болон урсгал засварын ажлууд эхэлсэнийг газар дээр нь явж танилцан мэргэжлийн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хүлээгдэж байгаа ажил нэг бүрийг бодит болгуулах, дүүргүүдийн Засаг дарга, агентлаг, харъяа газрын дарга нар эрх шилжүүлэн хийгдэж байгаа ажлуудын явцыг эрчимжүүлэх.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 2012 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудад Үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийн дагуу ажил гүйцэтгэгч нартай гэрээ байгуулан, хяналтын инженерүүд хэрэгжиж буй ажлуудын явцад захиалагчийн хяналтыг тогтмол тавьж байна. /Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Төмөрчулуун мэдээлэл хийнэ/

Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт эрх шилжсэн Хотын ерөнхий төлөвлөгөө болон зураг төсөл боловсруулах ажлуудын гэрээг хийж ажил үргэлжлэн явагдаж байна.

Нийслэлийн Авто замын газар Монгол Улсын 2012 оны төсвөөс Улаанбаатар хотод олгох санхүүгийн дэмжлэгээр 15 ажил гүйцэтгэхээс зарим замын ажлыг эхлүүлсэн ба бүх ажлын тендер зарлагдсаныг энэ сард багтаан нээнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хотын хойт чиглэлийн хоёр зуслан руу нийт 10.0 км урт авто зам шинээр тавихаар төлөвлөгдсөн, нийслэлийн замын хөрөнгөөр гэр хорооллын болон Орон сууцны хороолол доторхи авто замын 15, хотын гол, туслах гудамж, замуудын засварын 12 багц ажлын нээлттэй тендерийг зарлаж дүгнэсэн, шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд 4 ажил гүйцэтгэхээс Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км урт авто замын ажлын тендерийн үнэлгээг хийлгэж байгаа, он дамжин хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний 5 ажлыг үргэлжлүүлж байна.

Нийслэлийн боловсролын салбарт 45.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс ерөнхий боловсролын 4 шинэ сургууль барьж, 3 сургуулийн өргөтгөл, 12 цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхийн гадна 2.94 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 34 сургууль, 33 цэцэрлэг, 2 спорт заалны засварын ажил хийгдэнэ.

Ус сувгийн удирдах газар техник технологийн шинэчлэлт, хөрөнгө оруулалт, их ба урсгал засварын нийт 232 ажил хийхээр төлөвлөн 2012 оны 5 дугаар сарын 03-ны байдлаар 83 ажил хийгдэж, явц 36.0 хувьд хүрчээ.

Хот тохижилтын газар “Тасганы овоо”-ны тохижилтын ажлыг эхлүүлэн одоогоор овоог үелэх ажлыг дуусгасан, 200-гаад мод тарьсан, үерийн ус зайлуулах суваг, эко хавтан, явган хүний зам тавих ажлуудыг үргэлжлүүлж байна.

 

ДОЛОО. Нийслэлийн хэмжээнд явуулсан төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг, тооллогын болон нийслэлийн 2011- 2012 оны өвөлжилтийн дүн, “Цэвэр агаар”-сантай нийслэлийн төр, захиргааны байгууллага өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан тухай асуудлуудыг 2012 оны 5 дугаар сарын эхээр хуралдах нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд холбогдох байгууллагууд бэлтгэж оруулах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг, тооллогыг тогтоосон хугацаанд нь явуулж дуусгасан ба дүнг нийслэлийн Өмчийн харилцааны газар нэгтгэж байна.

Нийслэлийн Агаарын чанарын алба, “Цэвэр агаар сан” хамтран 2011 онд хэрэгжүүлсэн ажил, цаашдын чиглэлээ тогтон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэх материалыг нийслэлийн ЗДТГ-т ирүүлжээ.

Нийслэлийн өвөлжилтийн комисс 2011-2012 оны өвөлжилтийн дүн, ирэх өвлийн бэлтгэл хангах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуралд оруулж Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай УС-15 НӨҮГ-ын халаалтын зуухны үйл ажиллагаа доголдсоноос /бүрэн засвар хийсэн/ бусдаар “Хангалттай” үнэлэгдсэн байна.

 

НАЙМ. Дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг, нийслэлийн Татварын газар авто тээврийн татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг эрчимжүүлэн замын сан бүрдүүлэхэд онцгой анхаарах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн хэмжээнд авто тээврийн татвар хураалтад өссөн дүнгээр 51.0 мянган тээврийн хэрэгслийг хамруулан замын санд 3.0 тэрбум, агаарын бохирдлын төлбөр 232.5 сая төгрөгийг “Цэвэр агаар сан”-гийн дансанд тус тус төвлөрүүлээд байна.

Үзлэг, оношлогооны дараалал ихэсч, авто тээврийн хэрэгслийн татвар хураалт өмнөх оны мөн үеэс бууралттай байгаатай холбогдуулан төвүүдийг болон татварын улсын байцаагчдыг ажлын өдрүүдэд уртасгасан цагаар, амралтын өдрүүдэд ээлжээр ажиллуулж байна.

 

ЕС. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс зохион байгуулж ойрын хугацаанд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны чиглэлээр Сангийн яамтай хамтарсан уулзалт хийх.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс энэхүү уулзалтыг 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан.

 

АРАВ. Бүх нийтээр мод суулгах өдрөөр хийх ажлыг одооноос төлөвлөх, бэлтгэлийг хангуулах, энэ ажилд нийслэлийн бүх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулах ажлыг Захирагчийн ажлын алба уялдуулан зохион байгуулах.

БИЕЛЭЛТ: Захирагчийн ажлын алба, Ойн газартай хамтран Монголын үйлдвэрчний төв зөвлөлийн ордонд зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд дүүргүүдийн ЗДТГ нутаг дэвсгэртээ мод тарих, худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээ бүрэн оролцуулжээ. Дүүрэг бүрт мод, бут, сөөг, жимсний иодны үр, үрслэгээ худалдаалах цэгүүд ажиллаж байна.

Бүх нийтээр мод суулгах өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Багануур дүүргийн “Аз жаргалын төгөл”, Баянгол дүүргийн “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн”, Налайх дүүргийн “Хөл Налайх”, Сүхбаатар дүүргийн мод үржүүлгийн газар зэрэг нийслэлийн хэмжээнд 43 байршилд мод, бут, сөөг тариалсан. /Мод тарих өдрөөр хийсэн ажлын тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат мэдээлэл хийнэ/

 

АРВАН НЭГ. Нөөцийн махны нийлүүлэлт энэ сарын 25-наас нэмэгдэж байгаа учир иргэдэд хүргэх ажлыг дүүргүүдийн ЗДТГ, хороод сайтар зохион байгуулах.

БИЕЛЭЛТ: Нөөцийн махны чанар, сав баглаа боодол сайн байгаа ч нэг дэлгүүрт долоо хоногт 2-3 удаа 300 кг хүртэл хэмжээгээр нэмэгдүүлж чадаагүйгээс хомсдол үүсэн, эрэлтийг хангахгүй талаарх мэдээллийг дүүргүүдийн ЗДТГ-аас ирүүлжээ. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэхь Сонгинохангай, Номингийн сүлжээ дэлгүүрүүдэд нөөцийн мах худалдаалагдахгүй байна.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС