НЗДТГ Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана

2012-04-16 00:00:00

2012 оныг Нийслэлийн засаг даргын тамгын газраас “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг  дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Монгол улсын нийт хүн амын тал хувь  нь нийслэл Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй иргэдийнхээ хэрэглээг хангах, амар тайван амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг Нийслэлийн засаг даргын тамгын газраас санаачилан хэрэгжүүлсээр ирсэн. Гэсэн хэдий ч хүн бүрт төрийн үйлчилгээг хүссэн хэмжээнд нь хүртэл үзүүлж чадахгүй байгаа юм. Тиймээс иргэдтэй хамгийн ойр байдаг тэдэнд шаардлагатай үед хамгийн түрүүнд тусламж үйлчилгээ үзүүлж чаддаг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм. Ингэснээр тухайн иргэнд ямар тусламж үйлчилгээ шаардлагатай байна түүнийг нь төрөөс үзүүлж чадахгүй байвал төрийн бус байгууллагуудаар дамжуулан үзүүлэх боломж бүрдэж байгаа юм. Нийслэлийн засаг даргын тамгын газар өнгөрсөн жилээс эхлэн Төрийн бус байгуулагуудтай хамтран ажиллаж  бүтээгдэхүүн  нийлүүлэх гэрээг  байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил 45 байгууллагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээ байгуулсан төрийн бус байгуулагуудын хувьд Хүүхдийг хүчирхийлэлээс хамгаалах төв, Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн Заюу тайж нийгэмлэг, Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн зөвлөл гэх мэтчилэн нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг 45 байгууллагын төлөөлөл байв. Өнгөрсөн жил 27 төрийн бус байгууллагатай 194 сая төгрөгийн гэрээ байгуулж байсан бол энэ жил 45 байгууллагатай 400 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүн  нийлүүлэх гэрээ байгууллаа.