Үүрэг даалгавар

2012-02-03 00:00:00

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2012 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Б.БААТАРЗОРИГ БОЛОН НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ
2012.02.03
    НЭГ. Монгол Улсын Засгийн Газар 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих” жил, нийслэл “Иргэдийн оролцоо- Өрхийн хөгжлийг дэмжих” жил болгосонтой нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд ажлаа уялдуулах.
    БИЕЛЭЛТ: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батаар ахлуулсан тухайн жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгээс 120 байгууллагад албан тоот хүргүүлэн 83-аас нь санал аван жилийн төлөвлөгөө боловсруулсныг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралд  оруулж хэлэлцүүлнэ. Дүүргүүдийн ЗДТГ тухайн оны зорилтод жилийн нээлт хийхээр бэлтгэж байна.
    ХОЁР. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газруудын 2011 оны үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх ажлын хэсгүүд энэ долоо хоногт дүнгээ нэгтгэн ажлын хэсэг дээрээ ярилцах, нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нарт танилцуулан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулах.
    БИЕЛЭЛТ: Үнэлгээний дүнг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралд оруулж хэлэлцүүлэхээр бэлтгэсэн.
    ГУРАВ. Иргэний үнэмлэхийг цахим үнэмлэхээр солих бэлтгэл ажлын хүрээнд дүүргүүдийн ЗДТГ, хороод хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хөтлөлтийг хэсгийн ахлагч бүрээр тулган шалгах, үнэмлэх солих ажлыг сонгуулиас өмнө дуусгахаар зохион байгуулалтын арга хэмжээ авах.
    БИЕЛЭЛТ: Дүүрэг, хороодын Засаг нар захирамж гарган ажлын хэсэг байгуулсан байна. Дүүргүүдийн ЗДТГ, хороод мэдээллийн санг өрхийн бүртгэлтэй тулгах, иргэний үнэмлэхжүүлж шинэчилсэн бүртгэлд хамруулах, хаягандаа байхгүй иргэдийн мэдээллийг иргэний бүртгэлийн улсын нэгдсэн сүлжээнд шалгах зэргээр ажиллаж байна.
    ДӨРӨВ. Дүүргүүдийн Засаг дарга нар сонгуулиар хэсэг, тойргийн хороодод ажиллах төрийн болон үйлчилгээний албан хаагчдын судалгааг Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирүүлсэн маягтын үзүүлэлтээр хугацаанд нь гаргаж хүргүүлэх.
    БИЕЛЭЛТ: Дүүргүүдийн ЗДТГ сонгуулиар хэсэг, тойргийн хороодод ажиллах төрийн болон үйлчилгээний албан хаагчдын судалгааг ирүүлсэн маягтын үзүүлэлтээр гаргаж байна.
    ТАВ. Монголын багш нарын 46 дэх өдрийг тэмдэглэхэд ач холбогдол өгөх, нэгдсэн арга хэмжээнд багш нарын оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн Засаг дарга нар биечлэн оролцох.
    БИЕЛЭЛТ: Нийслэлийн Боловсролын газар батлагдсан төлөвлөгөөний дагуу төрийн, төрийн бус өмчийн хэлбэрээр ажилладаг нийслэлийн оны тэргүүний цэцэрлэг, сургуулийг болон мэргэжлийн 11 төрлөөр ур чадварын аварга багшийг шалгаруулан шагнасан байна. Багш нарын баярын нэгдсэн арга хэмжээнд 1500 багш, удирдах ажилтныг оролцуулсан.
Багш нарын баярыг угтсан ажлын хүрээнд дүүргүүдэд зохион байгуулагдсан өдөрлөг, уулзалт, баярын хурлын үйл ажиллагаанд 7000 шахам багш, ажиллагсдыг хамруулжээ.  Багануур дүүрэг “Багшлахуйн арга зүйг түгээн дэлгэрүүлэх” сэдэвт сургалт хийсэн, Багахангай дүүрэг “Боловсрол- 90” дурсамжит нэвтрүүлэг явуулсан, Баянгол дүүрэг бага ангийн багш нарын анхдугаар зөвлөлгөөн зохион байгуулсан зэрэг онцлог ажлуудыг хийсэн байна.
    ЗУРГАА: Нийслэл хүрээний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг хуралдуулах, бэлтгэлийг ажил хариуцсан албан тушаалтан бүр хангах.
    БИЕЛЭЛТ: Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаагаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлын явцыг авч хэлэлцсэн байна. Энэ сарын 06-ны өдөр гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотын музейд, 07-ны өдөр үзмэр, түүхийн баримтын үзэсгэлэн Монголын үндэсний түүхийн музейд нээгдэх ба Соёлын төв өргөөнд ном хурах ёслол, хүндэтгэлийн концерт, 08-ны өдөр “Нийслэл хүрээ-100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, 09-ний өдөр Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөх ёслол, мөн өдрийн 15.00 цагаас ойд зориулсан хүчит бөхийн барилдаан тус тус болно.
 Ерөнхий боловсролын сургуулиудад түүхийн сэдэвт хичээл хийхээр программыг бэлтгэсэн. “Нийслэл хүрээ-100 жил”сэдэвт эссе бичлэгийн уралдааныг нийслэлийн Соёл урлагийн газар зохион байгуулахаар удирдамжийг их, дээд сургуулиудад хүргүүлсэн, Баянгол дүүрэг “Монгол гоёл- Монгол соёл” сарын аян, ЕБС-ийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарласан байна.

    ДОЛОО. Хөрөнгө оруулалтын ажлаа дуусгаагүй байгаа аж ахуйн нэгж, гүйцэтгэгч нартай энэ сарын 25-ны дотор уулзалт зохион байгуулах.
    Энэ онд хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг нээлттэй байлгах, жижиг ажлуудыг багцалж тендер зарлан нэг гүйцэтгэгчид өгдгийг зогсоох.
БИЕЛЭЛТ: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар он дамжин хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, уг уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, Ц.Цогзолмаа, Улаанбаатар хотын Ерөнхий         менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат нарыг оролцуулан үүрэг даалгавар өгүүлсний гадна тус газрын мэргэжилтнүүд мэргэжил арга зүйн сургалт явуулсан.
 Сүхбаатар дүүргийн ЗДТГ 2012 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжихээр батлагдсан хөрөнгө оруулалтын арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг дүүргийн Засаг даргаар батлуулан Сангийн яамны PMMIS-сайтад байршуулсан, Баянгол дүүргийн ЗДТГ хороодын Иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулж 2012 онд тухайн хороо, дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хот тохижилтын ажлын талаар танилцуулж санал авсан байна.
    НАЙМ. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Концессын хэлтэс энэ онд концессоор хийгдэх ажлаа яаралтай эхлүүлэх.
    БИЕЛЭЛТ: Шуурхай зөвлөлгөөн дээр үүрэг өгөгдсөнөөс хойшхи хугацаанд эрүүл мэндийн салбарын концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс хуралдаж гурван үндсэн асуудал хэлэлцсэн байна. Бусад салбар чиглэлийн комиссууд ойрын өдрүүдэд хуралдахаар бэлтгэлээ хангасан. Концессын төслүүдийн баримт бичгийг уралдаант шалгаруулалтын комиссын хурлаар хэлэлцэж баталсны дараа урилгыг нийтэд зарлана.
    Өнгөрсөн онд нийслэлд концессын гэрээгээр хийгдэх жагсаалтад орсон ажлуудад гүйцэтгэх компаний санал ирээгүй учир 2012 онд дахин тусгаж батлуулсан.

    ЕС. Нийгмийн дэг журмыг сахиулах чиглэлээр Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрууд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх нийтлэг журмыг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагуудад хүлээлгэж байгаа хариуцлагыг хуульд нийцүүлэн улам чангатгах, тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон газруудад байнга хяналт тавих.
    БИЕЛЭЛТ: Захирагчийн ажлын алба нийгмийн дэг журам сахиулах зорилгоор архи, согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг газруудын цагийн хуваарийг шинэчлэн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 08 дугаар тогтоолоор батлуулан мөрдүүллээ.
 Дээрх байгууллагууд тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан 101 аж ахуйн нэгжид байнгын хяналт тавьж байна. Хамтарсан шалгалтын явцад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт журам зөрчсөн 7, Сонгинохайрхан дүүргийн 11 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ЗАА-нд ирүүлсэн, Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй худалдсан газруудын согтууруулах ундааны зүйлсийг актаар хураан авч нийслэлийн Засаг даргын дэргэдэх ” Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг улсын орлого болгох, устгах, үнэлэх орон тооны бус зөвлөлд хүлээлгэн өгчээ.

    АРАВ. Нийслэлийн ЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтэс, дүүргүүдийн ЗДТГ 2012 оны 02 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд болох жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөлгөөний бэлтгэлийг хангах, 1 дүгээр сард багтаан дүүргүүд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлгөөийг зохион байгуулах.
БИЕЛЭЛТ: Өнөөдрийн байдлаар Налайх, Чингэлтэй, Баянзүрх, Хан- Уул дүүргийн ЗДТГ  Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, МҮХАҮ-ийн танхим, нийслэлийн ЗДТГ-ын удирдлага болон зарим банкуудын төлөөллийг оролцуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлгөөнөө хийсэн.
 Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын 2 дугаар зөвлөлгөөнд оролцох төлөөлөгчдийн материалыг дүүргүүдийн ЗДТГ нийслэлийн ЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтэст ирүүлсний дээр тус бүрийдээ “Монголд үйлдвэрлэв- 2012” үзэсгэлэн худалдаанд нутаг дэвсгэрийн байгууллагуудаа бэлтгүүлж байна.Багануур дүүргийн ЗДТГ өөрийн онцлогоо харгалзан малчдын lY зөвлөлгөөнийг зохион байгуулж 250 гаруй малчин оролцуулсан, Баянзүрх дүүрэг “Бизнес эрхлэгчдийн зөвлөл”-ийн хурлаа зохион байгуулан хийлгэсэн.

    АРВАН НЭГ. Нөөцийн махны болон цагаан идээний өргөтгөсөн худалдааг ойрын өдрүүдэд хоёроос доошгүй удаа гаргах ажлыг Захирагчийн ажлын алба, дүүргүүдийг ЗДТГ хариуцах.
    БИЕЛЭЛТ: Чанар, стандартын шаардлага хангасан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дүүргүүдийн ЗДТГ, ЗАА , Монголын махны холбоо хамтран 14 үйлдвэрийн бэлтгэсэн махыг 17 цэгт гарган нийт 373.3 тонныг /үүнээс үхрийн мах 22.0 тонн, хонины мах 265.1 тонн, ямааны мах 86.3 тонн/ худалдсан боловч нийлүүлэлт хязгаарлагдмалын улмаас эрэлтийг хангаж чадаагүй байна. Дэлгүүрүүдэд нийлүүлж байгаа нөөцийн мах тухайн өдөртөө цагаас хоцорч ирэн иргэдийг бухимдуулдагийг цаашид анхаарах шаардлагатай.
    НЭМЖ МЭДЭЭЛЭХ: 1. Энэ оны эхний шуурхай зөвлөлгөөн дээр өгсөн зарим үүргийн хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал: Явган хүний замын хальтиргаа гулгаанаас болж өдөрт дунджаар 180-200 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд ханддаг, барилгуудын сүүдэрт халхлагдаж мөстсөн авто замуудыг цэвэрлээгүйгээс нийслэлд өдөрт гарч байгаа 90-100 зам тээврийн ослын зонхилох нь хальтиргаанаас шалтгаалсан байна.
    2. Нийтийн тээврийн хэрэгслэлийг Энхтайвны өргөн чөлөөнд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл авто замын нэгдүгээр эгнээгээр тодорхой цагуудад саадгүй зорчуулах зохион байгууллалтын арга хэмжээ авах үүргийг хэрэгжүүлэхэд Замын цагдаагийн газар, нийслэлийн Нийтийн тээврийн газар хугацаа алдаж байгаа.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС