“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2017” олон улсын үзэсгэлэн, худалдаа амжилттай болж өндөрлөв

2017-09-13 11:58:18

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран 42 дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн, худалдааг энэ сарын сарын 7-10-ны  өдөр “Мишээл Экспо” төвд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Монгол Улсын Засгийн газраас 2017 оныг “Эрүүл Хүнс-Эрүүл Монгол Хүн”, жил болгон зарласантай холбогдуулан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах, түншийн харилцааг хөгжүүлэх, зах зээлийг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус үзэсгэлэнд ОХУ, Пакистан, Тайван улсаас оролцож байгаагаараа онцлог болов.

Үзэсгэлэнд хүнс, хөнгөн, гоо сайхан, жижиг, дунд үйлдвэрлэлийн дотоодын нийт 60 гаруй, гадаадын 12 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож, шинэ бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн “Гран при” буюу шилдгийн шилдгээр ерөнхий ивээн тэтгэгч “Жүр үр” ХХК шалгарч, нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Өргөмжлөл”-ийн эздээр “Өгөөж-Чихэр боов” ХХК,  “Дэнд” ХХК, “Бүрэн сүх” ХХК-иуд тус тус шалгарлаа гэж нийслэлийн ХХААГ-аас мэдээллээ.