Нийслэлчүүд авто худалдааны төвүүдийг хотоос нүүлгэхийг дэмжиж байна

2017-09-12 16:17:03

Улаанбаатар хотын агаарын бохирдол өвлийн саруудад дээд цэгтээ хүрч амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлэн, иргэдийн эрүүл мэндэд аюул занал учруулаад олон жилийг өнгөрөөж байна. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой тэмцэх төрийн бус байгууллагууд ч нэмэгдэн, төр засагт хүчтэй нөлөө үзүүлдэг болж байгаа нь сайшаалтай. Гэвч Улаанбаатар хотын хөрсний бохирдлын хэмжээ зуны цагт гамшгийн хэмжээнд хүрч байгааг мэргэжилтнүүд чимээгүй тахалтай зүйрлэх болжээ. Учир нь хөрсний бохирдол агаарын бохирдлын нэгэн адил хүний нүдэнд манан татаж харагддаггүй оршин тогтнож байдаг. Нийслэлчүүд бид зөвхөн өвлийн улиралд агаарын бохирдлоо, зуны улиралд хөрсний бохирдлоо ярьдаг, үүнтэйгээ тэмцдэг бус жилийн 4 улиралд агаар, хөрсний бохирдлоо ярьж, хэлэлцэж, тэмцдэг байх шаардлага тулгараад байна.

Хөрсний бохирдлын эх үүсвэр нь нийслэлийн хэмжээнд буй 220,000 өрхийн модон жорлон гэдэг нь ойлгомжтой боловч, үүнээс илүү хөрсний бохирдолд хувь нэмрээ оруулж, иргэдийн эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйл нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй задгай, авто худалдааны төвүүд байдаг. Эдгээр авто худалдааны төвүүдийг дагасан тос тосолгооны материалууд, яндангаас ялгарч буй химийн бодисын хэмжээ нь тухайн бүс нутгийнхаа хөрсөнд шууд шингэхээс гадна ойр орчимд нь амьдарч буй иргэдийн эрүүл мэндэд маш хортой нөлөө үзүүлж буй мэргэжилтнүүд илрүүлээд олон жил болж байна. Дэлхийн томоохон хотуудын авто худалдааны төвүүд хотоосоо зайтай төлөвлөгдсөн байдаг нь үүнтэй холбоотой.

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын 2020 хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан хөрсний бохирдолтой тэмцэх үйл ажиллагааны хүрээнд Авто худалдааны нэгдсэн төвийн байгуулах ажил бөгөөд энэ үйл ажиллагаа ч хэрэгжиж эхлээд байгааг та бид харж байгаа билээ.

Авто худалдааны цогцолбор төвийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж худалдаа эрхлэгч нар ч стандарт шаардлагад нийцсэн энэхүү төврүү нүүж байгаа боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим иргэд Авто худалдааны цогцолборт үйл ажиллагаагаа явуулахгүй, эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Харин саяхан судалгааны Меркадо агентлаг авто худалдааны төвүүд, захуудыг хотоос нүүлгэж нэгдсэн төвд төвлөрүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн 7 дүүрэгт судалгаа хийсэн байна. Судалгааг үүрэн телефоны хэрэгсэл болон анкет ашиглан , түүврийн аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгаанд хамрагдсан иргэдийн 91% нь Авто худалдааны төвүүдийг хотоос гаргаж нэгдсэн төвд төвлөрүүлэх нь “зөв” гэсэн хариултыг өгчээ. Мөн хөрсний бохирдлын том хүчин зүйл болсон жижиг авто худалдааны төв, захуудыг хотоос нүүлгэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах энэхүү ажил олон жил яригдаж байгаа боловч ажил хэрэг бололгүй удаж байгааг нийслэлийн иргэд онцолж байсан байна.

Мөн сошиал ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийн бий болгосон Батка хэмээх залуу твиттер хуудсаа ашиглан 1374 твиттер ашиглагчийн судалгаа явуулахад, судалгаанд оролцогчийн 93% нь авто худалдааны төвүүдийг  хотоос гаргаж төвлөрсөн авто худалдааны цогцолборт  нүүлгэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн хандалт өндөртэй www.zaluu.com вэб сайтаас явуулсан санал асуулгын үр дүнгээр иргэдийн 96,6 % нүүлгэхийг дэмжсэн байна.

 

Авто худалдааны төвүүдийг хотоос нүүлгэх ажил Э.Бат-үүл хотын дарга байхдаа дийлээгүй ч  Хотын дарга С.Батболд шийдвэртэй алхам хийж байгаад иргэд дэмжиж байна.