Хотын дарга МҮОНРТ-ийн үе үеийн уран бүтээлчдэд 50 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ

2017-09-08 17:33:16

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын Үндэсний  олон нийтийн радио телевиз үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож байна. Түүхэн ойгоо тохиолдуулан хагас зуун жилийн түүхтэй Монголын Үндэсний  олон нийтийн радио телевизийн хамт олон үзэгч түмнийхээ санал бодлыг сонсох, хөтөлбөрийн бодлогоо танилцуулах зорилгоор Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм.

 

 

Нээлттэй өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцон, телевизийн үе үеийн уран бүтээлчдэд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Одоогоос хагас зуун жилийн өмнө  Азийн цээжинд  орших талын Монгол Улсын айл бүрийн хойморт  шидэт хайрцаг заларч,  улс орныхоо хөгжил цэцэглэлт, иргэдийнхээ боловсрол мэдлэгт  үнэтэй хувь нэмэр оруулсан  уран бүтээлүүд  төрж, Дэлхийг Монголтой, Монголыг дэлхийтэй холбосон  үйл явдал болсон билээ. Энэ ч утгаараа  Монголын Үндэсний олон нийтийн телевизийн баяр бол  Монголын нийт ард түмний баяр юм.  Тиймээс миний бие  хотын даргын хувьд,  жирийн иргэнийхээ хувьд та бүхэндээ энэ сайхан өдрийн баярын мэндийг  дэвшүүлж  байна. Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийнхээ түүхт ойтой нас чацуу шахуу нэвтрүүлэгүүд  олон бий.  Тухайлбал  тус телевизийн хамгийн оргил цагт гардаг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр нь өнгөрсөн хагас зууны турш  үзэгчдээсээ хамгийн өндөр үнэлгээ авсаар ирсэн нь уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэж боддог.  Түүнчлэн “Соёл эрдэнэ” теле сэтгүүл,  “Ургацын далай” , “Төл таван эрдэнэ” нэвтрүүлэг,  спортын хөтөлбөрүүд,  танин мэдэхүйн болон хүүхэд залуучуудад зориулсан  уран бүтээлүүд нь  үзэгч бидний талархалыг хүлээсээр байна.  Та бүхний минь уран бүтээл үргэлж өөдөө байж, цэнхэр дэлгэц маань үргэлж гэрэлтэн асч байхын  өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.