Аялал жуулчлалын замын ажил 65 хувьтай явж байгаа ч авто зогсоолын цогцолбор байгуулах ажил зогсоод байна

2017-09-06 11:48:06

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2,05 км  авто замыг барихаар төлөвлөсөн.

Богд хан ууланд  нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас  хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн  аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин  Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байна. Тус зам 1975 онд баригдсанаас хойш засвар шинэчлэл хийгээгүй бөгөөд тохижилт  байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар зорчих, ил задгай бие засах зэргээр байгаль орчныг бохирдуулж, хавар, намрын хуурайшилт ихтэй үед гал түймэр гарах, түймэр унтраах машин техник орж гарах орц, гарцгүй болсон зэрэг зайлшгүй шалтгаануудын улмаас зориулалтын зам барьж, орчныг тохижуулах шийдвэр гаргасан юм.

НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран Зайсангийн аялал жуулчлалын замын эхний  3 га  газарт нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулж, Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч Авто зогсоол барих талбайн 1,1 га газрыг эзэмшигч “Энигма” ХХК-ийн охин компани болох  “Монголын Үндэсний их сургууль”, Универсал политехник коллежийн удирдах зөвлөлийн дарга Л.Мөнхбат маргаан гаргаж,  аялал жуулчлалын замын “Авто зогсоол”-ын  ажлыг зогсоогоод байна.

“Энигма” ХХК нь  охин компаниудын хамт Богд хан уулын амны 45 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглалтын гэрчилгээгээр  эзэмшдэг бөгөөд  нийтийн эзэмшлийн авто зогсоол барих Засгийн газрын тогтоол, Байгаль орчин Аялал жуулчлалын сайдын тушаал, НИТХ-ын тогтоол, Шүүхийн шийдвэр бүхий газрыг чөлөөлөлгүй, өөрийн харъяа Монголын Үндэсний их сургуулийн оюутнуудыг турхиран эсэргүүцэж, төрийн ажлыг гацаагаад байна.

Манай орны хувьд авто замын ажил цаг хугацаатай хийгддэг. Нийслэлчүүдийн цэвэр агаарт гарах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, амарч, зугаалах эрхийг хангах, эрүүл мэндийг хамгаалах зорилт бүхий тус замын ажил мөнгөтэй ганц компанийн эрх ашгаас болж зогсоход хүрээд байна.

Өнөөдрийн байдлаар Аялал жуулчлалын замын ажил 65 хувьтай явж байгаа ч тус компанийн хувиа хичээсэн, аминч үзлээс болж, нийслэлийн иргэдийн ая тухтай амарч зугаалах боломж хаагдахад хүрээд байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.