Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэг боллоо

2017-08-10 14:15:35

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудад зориулсан хэлэлцүүлэг өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Ж.Батсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцов. Хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 31-нээс эхлэн ирэх сарын 5-ны өдөр хүртэл улс орон даяар өрнөх юм.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоол нь өнгөрсөн оны сүүлээс эхлэн явсан зөвлөлдөх санал асуулгын дагуу гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан тогтоол байгаа. Өнөөдөр бид энэ тогтоолыг хэрхэн хэрэгжүүлж, ирэх сарын дундуур МУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барих бэлтгэл ажлыг хангах хүрээнд цуглаж, хэлэлцэж байна. Цаг үеийн гэж хэлж болох улс төрийн бусад асуудлаас дээгүүр Монгол Улсын иргэн бүрийн амьдрал ахуйг олон жил зохицуулах, төрийн байгуулалтын зохистой байдлыг хангах, эрх мэдлийн тэгш хуваарилалт, шударга байдлыг хангах чиглэлээр хийгдэх гэж буй нэмэлт, өөрчлөлтийн тухай асуудал учраас энэ ажлыг зохион байгуулж буй хүн бүр тэр дундаа төрийн албан хаагчид хариуцлагатай оролцох шаардлагатай. Бид аль болох олон хүнийг энэ санал асуулга, хэлэлцүүлэгт оруулах ёстой. УИХ-ын Тамгын газраас энэ хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 31-нээс бүх аймгаар явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь зэрэг найман аймагт зохион байгуулаад байна” хэмээлээ.

 

“1992 онд МУ-ын Үндсэн хуулийг баталсанаас хойш бид өнөөдрийг хүртэл дагаж, мөрдөн, хуулийнхаа хэрэгжилтийг сахиулан явж байна. Үндсэн хуулиараа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, шудрага ёсыг хамгаалан ажиллаж буй төрийн албан хаагчид цугласан байна. НИТХ болон нийслэлийн удирдлагуудын өмнөөс өнөөдрийн хэлэлцүүлэгт та бүхнийг хариуцлагатай, идэвхтэй оролцохыг хүсье. Учир нь МУ-ын Үндсэн хуулийг хэрэгжүүлэгч тэр хүмүүс нь бид бүхэн” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэллээ.

НИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Ж.Батсайхан “Шүүх эрх мэдэл нэг хүнээс хараат байна. Шүүх эрх мэдлийг бүтцийн хувьд өөрчлөх хувилбар байгаа. Мөн хууль санаачлах эрх мэдлийг Ерөнхийлөгч, Засгийн газар, 76 гишүүн гэсэн 78 этгээдэд өгсөн байгаа. Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй байх нь зөв зүйтэй асуудал биш юм гэдэг томоохон өөрчлөлт явж буй. Учир нь манайх парламентын засаглалтай улс. Парламентын засаглалтай улсын хувьд Ерөнхийлөгчийн эрх мэдэл тодорхой бус байна. Дараагийн нэг томоохон өөрчлөлт бол нутгийн захиргааны байгууллагуудын тухай. Жишээлбэл, бид хот гэсэн ойлголтыг Үндсэн хуульдаа зааж өгөхгүй бол хот гэсэн ойлголт хууль эрх зүйн талд маш дутагдалтай явж байна. Мөн хороо, багийн Засаг даргыг иргэд шууд томилдог болох талаар яригдаж байна. Энэ нь маш зөв тогтолцоо. Учир нь хороо, багийн ИНХ Засаг даргаа томилуулахдаа хуулийн дагуу явж чадахгүй, маргаан дагуулсан асуудал их гарч байгаа” хэмээлээ. Мөн “Төсөл дээр УИХ, Засгийн газартай холбоотой өөрчлөлтүүд 2020 оны долоодугаар сарын 1-нээс, Ерөнхийлөгчтэй холбоотой өөрчлөлтүүд 2021 оны долоодугаар сарын 1-нээс үйлчилж эхлэхээр зохицуулж байгаа. Өнөөдөр бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгчийн эрхэнд огт халдахгүй” гэдгийг онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.