“Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр” /2017-2020/-ийн төслийг хэлэлцүүллээ

2017-07-25 16:07:12

Монгол Улсын Засгийн газраас 1999, 2005, 2014 онуудад жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийн эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, санхүүгийн дэмжлэгийн эх үүсвэрийг сайжруулах, иргэдийн хувиараа бизнес  эрхлэх сонирхолыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг шат дараалан хэрэгжүүлж ирсэн.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих /2014-2016/ хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа дуусаж ХХААХҮЯ-аас шинэчилсэн төслийг боловсруулж эхлээд байна.  Энэхүү “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран Хангарди ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нээж үг хэллээ. Тэрбээр “Нийслэлд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг төлөөлөн тэдний  тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэн, үйлдвэрлэгчдээ сонсох, тэдний оролцоог хангаж өгч байгаагаараа хэлэлцүүлгийн онцлог” хэмээн дурьдлаа.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн 9 дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, мэргэжлийн холбоод, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн 50 гаруй төлөөлөл хүрэлцэн ирж “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцон хэлэлцсэнээр хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр” /2017-2020/-ийн төсөлд өөрийн саналаа тусган оруулах хүсэлтэй ААН, иргэд та бүхэн Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газарт хандан хүргүүлэх боломжтойг дуулгах байна гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.