Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургах ээлжит сургалт амжилттай боллоо

2017-07-05 10:24:14

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койка (KOICA), “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтуудаас гадна компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг иргэдэд үнэ төлбөргүй явуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн  хүрээнд зохион байгуулсан  компьютерийн үндсэн хэрэглээний ээлжит сургалт амжилттай болж өндөрлөлөө. Үндсэн хэрэглээний сургалтын хөтөлбөр нэг сарын хугацаатай үргэлжилдэг бөгөөд зургаадугаар сарын сургалтад нийт 31 суралцагч хамрагдаж долоодугаар сарын 4-ны өдөр төгсөлтөө хийв. Цаашид энэхүү сургалт сар бүр явагдах тул бүртгэл үргэлжилж байна.

Мөн “Эм Кэй Ай Ти” (MKIT) төвийн сургалтад хамрагдаж төгссөн, одоо суралцаж байгаа залуучуудад олон улсын компьютер хэрэглээний гэрчилгээ олгох “ICDL” шалгалт болон програм хангамжийн инженерийн шалгалт өгөх төлбөрийг тус төвөөс төлөхөөр боллоо. Дээрх шалтгалтыг өгөхийг хүсч байгаа суралцагчид “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төв дээр ирж бүртгүүлэх бөгөөд тодорхой мэдээллийг 7012-2999 дугаараас авна уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.