Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг зохион байгуулах тухай

2013-01-22 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэг, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Авто замын  тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн төсвийг бүрдүүлэх, “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”, ”Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр  хураах ажлыг 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний хооронд, албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналтын үзлэг, шалгалтыг 2013 оны 06 дугаар сарын 10–наас эхлэн 06 дугаар сарын 24–нийг хүртэл тус тус  зохион байгуулсугай.

2. Нийслэл Улаанбаатар хотод автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр  хураах ажлыг зохион байгуулах Төв комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр, дүүргүүдэд зохион байгуулах салбар комиссын бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Нийслэлийн хэмжээнд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг  зохион байгуулж, холбогдох төсөвт хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, Нийслэлийн Замын цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/, Нийслэлийн Татварын газар /С.Энхбаатар/, Нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус  тус үүрэг болгосугай.

4. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар агаарын бохирдлын төлбөрийг  хураах ажлын хүрээнд албан татвар, төлбөр  төлснийг гэрчлэх   наалт тэмдэг   олгох ажлыг зохион байгуулж,   хяналт   тавьж ажиллахыг Нийслэлийн татварын газар /С.Энхбаатар/, Нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр  хураах ажилд туслалцаа үзүүлэн,  хяналтын үзлэг, шалгалтыг  хамтран зохион байгуулахыг Нийслэлийн Замын цагдаагийн газар  /Ч.Жаргалсайхан/-т даалгасугай.

5. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах дүүргийн салбар комиссын бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтад заасны дагуу  байгуулан ажиллуулах,  автотээврийн хэрэгслийг хороо болон нутаг дэвсгэрийн зарчмаар албан татвар, төлбөр хураах ажилд бүрэн хамруулахыг  дүүргүүдийн Салбар комиссын дарга нарт үүрэг болгосугай.

6. Нийслэл, дүүргүүдийн засаг, захиргааны байгууллагууд, нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн албан татвар, төлбөрийг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний дотор нийслэлийн замын сангийн дансанд төвлөрүүлэхийг Төв комисс /Б.Бадрал/, Нийслэлийн Тээврийн газар /Ч.Энхбат/-т нарт үүрэг болгосугай.

7. Хөдөө орон нутагт байгаа боловч нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг Нийслэлийн замын сангийн дансанд төвлөрүүлэх ажил зохион байгуулахыг Төв комисс /Б.Бадрал/ -т даалгасугай.

 8. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр  хураах ажлын зар сурталчилгаа, явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т үүрэг болгосугай.

9. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр  хураах ажлыг зохион байгуулах үйл ажиллагаанд гарах зардлыг 2013 оны нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтын зардалд батлагдсан Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн үзлэг, тооллогын 130,0 /нэг зуун гучин/  сая төгрөгийг гэрээ гүйцэтгэл үндэслэн санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

10. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр  хураах ажлын удирдамж батлан хугацаанд нь зохион байгуулж, үр дүнг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах, уг арга хэмжээнд идэвх зүтгэл, үр дүнтэй ажилласан дүүргүүдийн Салбар комисс, албан хаагчдыг шагнаж урамшуулахыг Төв комисс /Б.Бадрал/ -т даалгасугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ  ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ