Нийслэлийн удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, хуралдааны журмыг шинэчлэн батлах тухай

2013-01-16 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 190 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нийслэлийн удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, хуралдааны журмыг  хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/524 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ- ҮҮЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                      Нийслэлийн  Засаг  даргын  2013 оны

                                                                        ...................................сарын ........-ны өдрийн

                                                                        ...................................захирамжийн  нэгдүгээр

                                                                                                хавсралт

 

 

 

                                                                       

 

 

 

НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН

 БҮРЭЛДЭХҮҮН

 

               Нийслэлийн удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүнд дор дурьдсан албан тушаалтнууд орно.

 

-  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

-  Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан

   орлогч

-  Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал

   хариуцсан орлогч

-  Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан

   орлогч

-  Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч

-  Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын

   асуудал хариуцсан орлогч

-  Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан

   орлогч

-  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны

   дарга

-  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

-  Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий

   төлөвлөгөөний газрын дарга

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                      Нийслэлийн  Засаг  даргын  2013 оны

                                                                        ...................................сарын ........-ны өдрийн

                                                                        ................................захирамжийн  хоёрдугаар

                                                                                                хавсралт

 

 

 

                                                                       

 

 

НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН

 ХУРАЛДААНЫ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Нийслэлийн удирдлагын зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь долоо хоног тутам зохион байгуулагдах ээлжит хуралдаан байна.

1.2. Ээлжит бус хуралдааныг Засаг дарга зарлан хуралдуулна.

1.3. Хуралдааныг өргөтгөсөн байдлаар хийж болно. Энэхүү хуралдаанд оролцогчдын бүрэлдэхүүнийг Засаг дарга тогтооно.

1.4. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан нь Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад ажлын чиг үүргээр зөвлөх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, ажлын үр дүн, үр нөлөө, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, долоо хоногт болон сард хийх ажлыг төлөвлөн тодорхойлоход чиглэгдэнэ.

1.5. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ:

-  Улсын Их Хурал, Засгийн газарт өргөн мэдүүлэх хуулийн төслүүд

- Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхтэй холбогдсон хууль, тогтоомжид

  заасан асуудал

- Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн боловсруулсан санал,

  төслүүд

- Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн

  явц

- Нийслэлийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийн

  байдал

- Нийслэлийн хэмжээний ойрын болон дунд хугацааны хөтөлбөр, төслүүдийг

   хэрэгжүүлэхтэй  холбогдсон арга хэмжээг зохион байгуулах тухай

- Нийслэлийн иргэдийн санал бодолд тулгуурлан шийдвэрлэх асуудал

- Нийслэлийн удирдлагууд болон нутгийн захиргааны байгууллагуудаас

  долоо хоногт хийсэн ажлын тухай дүгнэлт

- Нийслэлийн хэмжээнд ирэх долоо хоногт хийж гүйцэтгэх цаг үеийн

  тулгамдсан ажлууд

1.6. Хуралдааныг  нийслэлийн “Хангарьд” ордны хуралдааны “А” танхимд долоо хоног бүрийн “Пүрэв” гарагийн 14.00 цагаас зохион байгуулна.

1.7.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хуралдааныг даргалан явуулна. Засаг даргын эзгүйд Засаг даргын үүрэг болгосноор Засаг даргын орлогч нарын хэн нэг нь хуралдааныг даргалан хийлгэнэ.

1.8.Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд улирал тутам урамшуулал олгоно.

Хоёр. А.Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд дараах албан тушаалтнууд байнга оролцоно.

2.1. Нийслэлийн Засаг даргын зөвлөхүүд

2.2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны

удирдлагын хэлтсийн дарга

2.3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн

       хэлтсийн дарга

2.4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого

       төлөвлөлтийн хэлтсийн дарга

2.5. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн

       дарга

2.6. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ,

       үнэлгээний хэлтсийн дарга

2.7. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон

       нийттэй харилцах хэлтсийн дарга

2.8. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хуралдаан хариуцсан

       мэргэжилтэн

2.9. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ,

       үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн

2.10. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон

       нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн

Б. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд хэлэлцэх асуудалтай холбогдуулж  дараах албан тушаалтнууд оролцоно.

2.11. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны холбогдох  хэлтсийн дарга нар

2.12. Хуралдааны төлөвлөгөөний дагуу асуудал оруулах албан тушаалтнууд

2.13. Өргөтгөсөн хуралдаанд  дүүргийн удирдлагууд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хэрэгжүүлэгч агентлаг, харъяа байгууллагын дарга нар

2.14. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны материалыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад тухай бүр хүргэнэ. Хурлын дарга өөрийн шаардлагатай гэж үзсэн асуудлаар оролцож байр сууриа илэрхийлж болно.

                                                                                      Гурав. Хуралдааны бэлтгэл хангах

3.1.  Хуралдааныг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэс зохион байгуулна. Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

3.2. Хуралдааны төлөвлөгөөг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч батална.

3.3. Хуралдаанд асуудал хэлэлцүүлэх байгууллагууд боловсруулсан материалаа хуралдааны  өмнөх долоо хоногийн “Баасан” гарагт Нийслэлийн   Засаг даргын Тамгын газрын Удирдлагын зөвлөлийн хуралдаан хариуцсан ажилтанд ирүүлнэ.

3.4. Хуралдаан хариуцсан ажилтан хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн материалд үндэслэн хуралдааны төлөвлөгөөний төслийг долоо хоног бүрийн “Даваа” гарагт гарган хэлтсийн даргаар хянуулж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад танилцуулна.

3.5. Хуралдаанаар хэлэлцүүлэхээр боловсруулсан асуудлаар холбогдох төрийн бус байгууллагын санал авах буюу хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулж болно.

3.6. Хуралдааны төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар зайлшгүй, нэн яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай асуудал гарвал хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмэн оруулж болно.

3.7. Хуралдаанаар хэлэлцүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх материалын бүрдүүлэлт, үндэслэл тооцоо, судалгаа, уг шийдвэрийн төсөл нь тухайн асуудлаар урьд гарсан шийдвэр болон хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хуралдаанд асуудал оруулж байгаа удирдлага, албан тушаалтан хариуцна.

3.8. Хуралдаан хариуцсан ажилтан хэлэлцүүлэхээр ирүүлсэн материалыг шаардлага хангаагүй тохиолдолд буцаана.

3.9. Хуралдааны шийдвэрийн төслийг тухайн асуудал оруулж байгаа нэгж боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудын саналыг авсан байна.

3.10. Хуралдаан хариуцагч ажилтан хуралдааны батлагдсан төлөвлөгөө, хуралдаанд хэлэлцүүлэх холбогдох бусад материалуудыг хуралдаанд оролцогсдод батлагдсан даруйд бичгээр болон  И-мэйл хаягаар хүргүүлнэ. Мөн  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “E-Оffice” программд байршуулна.

3.11. Хуралдааны байрны нөхцөл, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах ажлыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтлэг үйлчилгээний газар хариуцна.

3.12. Хуралдаанд гаднаас орох хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хуралдаан хариуцсан ажилтан урьдчилан гаргаж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад танилцуулж батлуулна.

 

Дөрөв. Хуралдаан зохион байгуулах, шийдвэр гаргах.

4.1. Хуралдаан даргалагч хуралдааныг нээж тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөг танилцуулж, төлөвлөгөөнд орсон дарааллын дагуу хэлэлцүүлнэ.

4.2. Хуралдаан хариуцсан ажилтан өмнөх хуралдаанаас гаргасан шийдвэр, өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцад хяналт тавин энэ талаарх мэдээллийг  бэлтгэнэ. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлэл хийнэ.

4.3. Хуралдаанд эрхлэх хүрээнийхээ асуудлыг удирдлагын зөвлөлийн гишүүд өөрөө хариуцан оруулна. Шаардлагатай тохиолдолд дүүргийн удирдлагууд, агентлаг, харъяа газрын дарга нар, Ажлын хэсгийн ахлагч танилцуулж болно.

4.4. Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуулт, хариултыг дуусгасны дараа хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр нэг асуудлын талаар хоёроос илүүгүй удаа санал гаргана. Нэг удаа санал гаргах, үг хэлэх хугацаа тухай бүр 5 минутаас хэтрэхгүй байна.

4.5. Хэлэлцэж байгаа асуудалд холбогдох зураг, видео бичлэг, биет зүйлс, түүний загвар, хэсгийг хуралдаан дээр үзүүлж болно.

4.6. Хуралдааны үед гар утсаар ярих, хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр орж, гарахыг хориглоно.

4.7. Хуралдаан хариуцсан ажилтан нь хуралдааны явцын талаарх тэмдэглэлийг соронзон хальсанд бичиж, хэвлэмэл хуудсан дээр буулгана.

4.8. Хуралдааны тэмдэглэлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад хянуулан гарын үсэг зуруулж баталгаажуулна.

4.9. Хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хуралдаан хариуцсан ажилтан шуурхай хүргэнэ.

4.10. Хуралдааны хэлэлцэх асуудал, шийдвэрийг тухай бүр www.ulaanbaatar.mn  болон www.mayor.mn цахим хуудаст  байршуулж нийтэд мэдээлэх, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сурталчлах, таниулах ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс,  нийслэлийн Мэдээллийн технологийн газар хариуцна.

Тав. Хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих.

5.1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс Удирдлагын зөвлөлийн хуралдааны явц, хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж хагас, бүтэн жилээр Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулна.