Хөгжлийг далласан бүтээн байгуулалтууд үргэлжилсээр

2017-06-20 09:04:58

Улс оронд тогтвортой байдал, хөгжил дэвшил чухал уу гэвэл үнэхээр чухал. Хөгжил дэвшилд хүргэх бүтээн байгуулалтын ажил ч бас чухал зүйлийн нэг. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажил хагас жарны түүхтэй хэдий ч сүүлийн жилүүдэд шинийг сэдэж, бүтээн босгож улсын нийслэлээ хөгжүүлэх ажлууд эрчимтэй явагдаж байгаа нь сайшаалтай.  Яармагийн гүүрний шинэчлэл төслөөр томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Замын асуудал хамаагүй иргэн гэж нийслэлд нэг ч үгүй. Учир нь бид гэрээсээ гараад зорьсон газраа хүртэл авто замаар зорчиж тухтай, тухгүйн тухай ярьцгаадаг. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил автозамын салбарт 44,9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр энд, тэндгүй л ажил оволзож байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр гүүрэн байгууламжийг шинэчлэнэ.

Эрүүл монгол хүн

Эрүүл мэндийн төвүүдээр иргэд үйлчлүүлэх гэхээр авто зогсоолын асуудал гардаг. Иргэд  эмнэлгээр сэтгэл амар үйлчлүүлээд гарахын тулд машинаа зам дээр орхиж тэр хэсэгт түгжрэл үүсгэх нь элбэг. Тэгвэл түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлд автозамын тоог нэмэгдүүлэх ажлыг эхлүүлжээ. П.Н.Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэг, Гэмтэл согог, судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн гадна зогсоолыг тохижуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иж бүрнээр нь шийдсэн сайхан мэдээ байна.

“Зам чөлөөл” аяныг нийслэлээс өрнүүлж нийтийн эзэмшлийн зам, талбайг тойруулсан хашаа, хайсыг буулгаж иргэдэд ээлтэй нийгмийн төлөө ажиллах болов. Та завтай өдрөө дугуй унаж, цаг агаар сайхан дээр явган алхах гэхээр нийтийн эзэмшлийн замуудыг хашаагаар тасласантай таарч байсан болов уу. Нийтдээ 129 байршилд зам чөлөөлөх ажлыг хийжээ.

Газар зохион байгуулах ажлыг сайжруулах шаардлага хаа сайгүй л хэрэгтэй санагддаг. Дахин төлөвлөлтийн ажилд шинэ менежмент нэвтрүүлсний үр дүнд 400 өрх айл өнөөдөр шинэ сууцанд гал голомтоо асааж, 700 өрх айл шинэ байрандаа орлоо. Үүнийг дагаад дөрвөн мянга гаруй иргэн эрүүл, аюулгүй орчинд тав тухтай амьдарч эхэлсэн таатай мэдээ бий.  Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх дэд төвүүд байгуулагдан эрчимтэй ажиллаж байна. Туул голоос хайрга олборлохыг хориглож, нийслэлийн бүтээн байгуулалтын ажлуудад уулын дайрга ашиглаж эхлэсэн нь нийслэлийн байгаль орчныг хамгаалсан сайхан ажил болж иргэдийн зүгээс ихээхэн талархал хүлээх болжээ.  

Налайхын уурхайд нөхөн сэргээлт хийж иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. Нийслэл маань жишиг эрүүл мэндийн төв, жишиг хороо, жишиг дүүрэгтэй болохоор зорьж байгаа. Жишээлбэл, эхний ажил бол Чингэлтэй дүүрэгт хийгдсэн. Жишиг эрүүл мэндийн төв Чингэлтэй дүүрэгт ашиглалтад орлоо. Ингэснээр анхан шатны тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргаж иргэд орчин үеийн шаардлага хангасан эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж эхэллээ. Иргэд ийм нийгмийг хүсээгүй гэж үү. Дүүрэг бүрт хүүхдийн амбулатори байгуулах ажлыг хийнэ. Бас Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг шинээр барихаар ажил нь эхэлжээ. Хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд долоон сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлжээ. Шөнө, харанхуй болтол хүүхдүүд 3-4 ээлжээр хичээллэх явдал ашгүй алга болох нь ээ. Энэ бүхэн цөм иргэддээ сайхан нийгмийг цогцлоох ажлуудын үр дүн билээ. Сүхбаатар дүүргийн 7 дугаар  хороонд халамжийн 132 айлын орон сууц барьж байна. Хотын дарга С.Батболд хороо бүрт хүрч ажиллахыг зорих болов. Хотын дарга гэхээр сайхан өрөөнд сууж, цонхоор амьдралыг харах биш газар дээр нь очиж ажиллаж байгаа нь сайхан хэрэг шүү. Тэрээр нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж, иргэдтэйгээ уулзаж, тулгамдсан асуудлыг нь сонсон боломжийн хэрээр нь шийдвэрлэж байна. Үүний зэрэгцээ Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид “Иргэдээ сонсъё” аяныг зохион байгуулсан нь иргэдэд ихээхэн таашаагдаж, талархлыг нь хүлээгээд байгаа юм. Хотын хөгжлийн төлөө хамтдаа нэг зүрх сэтгэлтэй байдаг иргэн таны ч хичээл зүтгэл энэ бүх ажилд дэмээ өгч байгаа нь дамжиггүй.  

Залуусаа дэмжсэн Улаанбаатар

Улс орны хөгжлийн гол хүч болсон залуучуудаа хотын удирдлагууд дэмжинэ. Иргэнээ нийслэлдээ сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгрүүлэх, сэтгэл хангалуун ажиллаж, амьдрахад нь хотын удирдлагын баг анхаарч байна. Үүний нэг илрэл нь хүүхэд залуус, нийслэлийн иргэд, гадны зочид, жуулчид хотын үдшийг сэтгэл тэнүүн, сайхан өнгөрүүлэх орчныг бүрдүүлсэн явдал юм. Нийслэлийн Засаг даргын 2020 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг зүүн хойд азийн аялал, жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг. Үүний эхлэл болгож хуучнаар Сөүлийн гудамжийг “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулж саяхан нээлт нь болсон. Аялал, жуулчлал хөгжсөн дэлхийн томоохон хотуудад худалдаа, наймаа хөгжсөн шөнийн гэрэлт гудамж олонтаа таардаг. Та бүхэн очиж үзэж байсан байх. Монголчууд ч гэсэн нутагтаа тийм зүйл хийж яагаад болохгүй гэж. Энэхүү гудамжинд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгрүүлэх бүхий л боломжийг хангаснаараа онцлог юм. Нийслэлийн зүгээс “Улаанбаатар хотын шөнийн гэрэлт гудамж”-нд залуус амарч зугаалах, худалдаа наймаа хийх, амтат хоол зооглох, үзвэр, урлаг соёлын үйлчилгээ үзэх боломжийг бүрдүүлснийг нээлтийн үеэр онцоллоо. Нээлтэд ирсэн иргэдэд рок поп, жааз, электро, сонгодог хөгжмийн тоглолтоор бэлэг барьж ёстой л шөнийн өргөн бөгөөд соёлтой зугаалга болсон доо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд,

“Нийслэл маань 1 сая 360 мянган хүн амтай, мегаполис хот. Хотын хүн амын 35 хувь нь залуучууд байдаг. Тиймээс ийм том хотын залууст зориулсан шөнийн гэрэлт гудамж байх ёстой. Хотын соёлыг бий болгох, залуустаа авьяасаа нээх, худалдаа үйлчилгээгээ өргөжүүлэх боломжийг олгоно. Хотын худалдаа, үйлчилгээ, соёлыг түгээх шөнийн гудамжийг нээх явдал чухал байсан. Олон залуус чөлөөт цагаа өнгөрүүлэхээр цуглажээ. Ийм ажлыг хүлээж байсан нь илт. Дээр нь бид мөрийн хөтөлбөртөө Улаанбаатар хотыг  бид Зүүн хойд азийн аялал, жуулчлалын төв болох зорилт тавьсан байгаа. Өнөөдөр манай хотод дэлхийн 51 орны 3500 орчим залуус чуулж байна. Монгол орны талаарх төсөөлөл баяжиж өөрчлөгдөж байна. Цаашдаа бид харзнаж байгаад 2-3 байрлалд ийм гудамжийг нээх бодолтой байгаа” гэсэн юм.   

Улаанбаатар хот бол дэлхийн хэмжээний томоохон хотын тоонд орсон. Тиймээс ийм гудамжтай болох нь зүйн хэрэг. Залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгрүүлэх гудамж талбайтай болох хүсэлтийг судалгаагаар гаргаж ажил хэрэг болгож байгааг олон хүн сайшаан, хотын дарга нарт талархаж байлаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, “Дэлхийн хотууд шөнийн ийм гэрэлт гудамжтай байдаг. Улаанбаатар хот хэдийнэ дэлхийн хот болжээ. Манай улсын хүн амын тал нь шахам хотод амьдарч байна. Бас дийлэнх нь залуус байгаа болохоор тэднийг амар тайван  хөгжилдөн, цэнгэлдэх орчныг бүрдүүлэх ёстой. Шөнө ажиллаж, амьдардаг цаг үе өнөөдөр бий болчихсон. Шөнө ч гэсэн хотод амьдрал өрнөж байгаа учраас шөнийн гэрэлт гудамжтай болох санаачлагыг манай залуучуудын байгууллага гаргасан. 2014-2016 онд шөнийн гудамжийг байгуулах талаар залуус маш олон хүсэлт бидэнд ирүүлж байсан.  Залуус ийм үйл ажиллагааг хүсч байсан нь “Гэрэлт гудамж”-ний нээлтийн үеэр батлагдлаа. Цаашдаа шөнийн гэрэлт гудамж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн тоог нэмэгдүүлэх ажил хийнэ” хэмээн өгүүлсэн.

 Олон залуус урмын сайхан үг хэлж “Хотын удирдлагын баг”-т талархалаа илэрхийлж, энэ ажлыг эхлүүлсэн нь тун чухал гэцгээж байсан юм. Циркийн уулзвараас Наранплазагийн уулзвар хүртэл нийтдээ 9 цэгт цагдаагийн камерийг байрлуулжээ. Шөнийг цагаар иргэд аюулгүй нөхцөлд амарч, цэнгэх бүхий л нөхцлийг хангажээ. Та хүсвэл энэ гудамжинд утасгүй нэт ч хэрэглэх боломжтой гэнэ.

Автозамын бүтээн байгуулалт өрнөсөөр

Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах 470 метрийн урттай төмөр бетонон гүүрийг Их Монгол гудамжтай холбон 4 эгнээ, 16,5 метрийн өргөн зам барина. Бас энэ байгууламжийг Нарны замтай холбож 2 эгнээ зам барих төлөвлөгөөтэй байгаа аж. 2017-2019 онд энэ их бүтээн байгуулалтын ажлыг хийх бөгөөд санхүүжилтийг нь БНХАУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барих юм. Энэхүү ажлыг Нийслэлийн авто замын хөгжлийн газар эрхлэн хийж байна. Яармагийн шинэ гүүр нь хотын дэд төвүүдийн гол, гол замуудыг холбосон томоохон зангилаа болох учиртай. Улаанбаатар хотын тээврийн үндсэн урсгалыг өнгрүүлэх энэхүү байгууламж нь хотын хөгжилд өгүүлж баршгүй дэм болох нь дамжиггүй. Туул голын дээгүүр та давхиж үзсэн болов уу. Дэржигнүүртэй, нөхөөс ихтэй замаар тухгүй зорчдог. Тэгвэл Яармагийн гүүрний бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Туул гол дээгүүр өнгөрдөг 350 метр урт гүүрийг шинэчлэн засах аж. Шинээр дөрвөн эгнээ бүхий 250 метр урт гүүр, 50 гаруй метр нүхэн гарц барьж, шугам сүлжээ зайлуулах зэргээр дагалдан хийх ажил дэндүү их. Энэ ажлын зэрэгцээ Богд уулын арын замд  гүүрэн зам барих зэргээр олон ажлыг хийхээр төлөвлөн нийслэлд маань бүтээн байгуулалтын ажил ид өрнөсөөр байна. Иргэн та цаг тухай бүрт зам засварын ажилтай холбоотой мэдээллийг Нийслэлийн ЗДТГ, Авто замын хөгжлийн газраас авч өөрийн ажил, амьдралын алтан цагаа зөв төлөвлөж, ухаалаг шийдлээр зорчоорой.    

Дэлхийн залуус Монголд чуулав

Дэлхийн 51 орны 3500 гаруй залуус Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын урилгаар Монголд хүрэлцэн ирж чууллаа. Тэр хэрээр Монголын тухай яриа, Улаанбаатар хотын хөгжлийн тухай мэдээлэл дэлхийн 50 гаруй орны залууст хүрч байгаа гэсэн үг юм. “ JCI-АСПАК-2017” арга хэмжээ нийслэлд сүр дуулиантай боллоо. Аази номхон далайн бүс нутгийн шилдэг залуус Улаанбаатар хотод чуулж, хөгжлийн төлөө ухаан бодлоо уралдуулж, нөхөрлөлөө бататгаж, бизнес санаагаа сэргээх ийм сайхан үйл явдал хавьд болж байсангүй. Монголын төр, хувийн хэвшил гэлтгүй салбар бүрийн төлөөлөл болсон залуус JCI-Монгол байгууллагатай хамтран олон төсөл хөтөлбөрийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаагаа  арга хэмжээний үеэр мэдээлсэн юм. Улаанбаатар хот зүүн хойд азийн соёл, боловсрол, худалдаа, бизнесийн төв болох зорилт тавьсны хувьд энэхүү арга хэмжээ Монголын манлайлагч залуучуудын хувьд том боломжийг олгож байгаа юм. АСПАК-ийн бас нэг давуу тал бол гадаадын төлөөлөгчид, гишүүн залуус чуулсан орон, хотдоо буцаж ирж ямар нэгэн бизнесийг эхлүүлдэг жамтай аж. Мөн аялал жуулчлалын гарцыг ч олон улсад нээдэг гэцгээж байв. Энэхүү арга хэмжээний дараагаар Монголд аялал жуулчлал, бизнесийн цоо шинэ гарц нээгдэнэ гэж хүлээх хүн олон таарсан. Энэхүү арга хэмжээний дараа олон орны манлайлагч залуус хамтран ажиллах, сүлжээ бизнес эрхлэх олон шинэ гарцыг нээдэг сайн талтай тул цаг хугацаа бүхнийг харуулах л үлдлээ дээ.