Хот иргэдээ орон сууцтай болгохыг дэмжих сан байгууллаа

2017-06-16 12:08:08

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдлээ.

Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. 216.000 өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид сайн мэднэ. Байгаль Орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь 4 бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулан ажил хэрэг болгож эхлээд байгаа билээ. Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой буюу 1,2-р бүсийн нутаг дэвсгэр байрлах 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ОРОН СУУЦНЫ САН-гийн дэмжлэгээр бүрэн төлүүлэх боломж бүрдээд байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд С.Батболд зарлалаа.

Агаарын чанарыг сайжруулах 1-р бүсэд буюу Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 51 хорооны 130.706 өрх, 2-р бүсэд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 51.910 өрх тус тус хамрагддаг бөгөөд энэ бүс нутагт байрлах Баянхошуу, МҮОНРТелевиз, 100 айл орчмын агаар дахь хүхрийн давхар исэл /SO2/ нарийн ширхэгт тоосонцор /PM2.5/-ын агууламжийн хэмжээ агаарын чанарын стандартаас 10-30 давсан тохиолдол удаа дараа бүртгэгдэж байсан Улаанбаатар хотын агаарын бохирдлын голомт  юм.

Хотын дарга хэлэхдээ “Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх”, “Суурьшлын бүсийн улаан шугам татах”, “Нийслэл рүү чиглэсэн иргэдийн шилжих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох” гэх мэт олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Гэвч богино хугацаанд үр дүнтэйгээр агаарын бохирдолтой тэмцэхэд судалгаанд суурилсан, илүү зорилтот бүлэгт чиглэсэн, гэр хорооллыг орон сууцжуулах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна. Хэдий эдийн засгийн хүндрэлтэй үетэй бид нүүр тулж байгаа боловч, хот мөнгөгүй байна, улс зардлаа танаж байна гээд гараа хумхиад, шийдвэртэй алхам хийхгүй суугаад байж болохгүй. Нийслэлчүүд бид энэ хямралыг ААН-үүд, иргэд, олон улсын санхүүгийн байгууллагуудтайгаа нийлэн хамтдаа даван туулах учиртай. Агаарын бохирдолтой зөвхөн өвөл биш бүтэн жилийн турш уйгагүй тэмцэж байж бид бодитой үр дүнд хүрч чадна” гэдгийг онцоллоо.

Гэр хорооллын бүсээс ипотекийн зээлд хамрагдаж буй иргэд нүүхдээ хашаа байшингаа дараагийн иргэнд худалддаг, орон сууцанд амьдарч буй иргэд ипотекийн зээлд хамрагддаг гэх мэт байдал түгээмэл байгаа нь агаарын бохирдлын голомтод амьдарч буй иргэдэд чиглэсэн үр дүнтэй бодлого боловсруулах шаардлагыг бий болгоод байна.

Энэхүү тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх үүднээс Нийслэлийн Засаг дарга С.Батболд Нийслэлийн Агаарын бохирдлыг Бууруулах Орон Сууцны Санг /АББОСС/санаачлан байгуулж байна.

Хотын дарга АББОСС-ийн ач холбогдлыг тодорхойлохдоо:

  1. 1, 2-р бүсийн яндангийн тоог бууруулах замаар агаарын бохирдолтой бодитой тэмцэх
  2. 1, 2-р бүсэд амьдарч буй бөгөөд орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй иргэдэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг сангаас төлөх замаар зорилтод иргэдийг хямд өртөгтэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулах
  3. Зогсонги байдалд орсон барилгын салбарт бодит хөрөнгө оруулалт хийх
  4. Чөлөөлөгдсөн газарт цэцэрлэг, сургууль, төрийн үйлчилгээний төв, хямд өртөгтөй орон сууц барьж дахин гэр гэр хорооллын бүсийг нэмэгдүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлнэ.

Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн гэр хорооллын оршин суугчид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших /ашиглах, өмчлөх/ эрхээ НӨХГ-т шилжүүлэн газраа  Нийслэлийн Газрын Санд бүртгүүлэх журамтай юм байна.  Мөн банкны зүгээс тавьж буй ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байхаас гадна, худалдаж авч буй байрны хэмжээ 70м квадратаас илүүгүй, 1м2 –ын үнэ 1.500.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх шаардлагатай юм.

Нийслэлийн зүгээс иргэний шилжүүлсэн газарт дахин төлөвлөлт хийн сургууль цэцэрлэг, хямд өртөгтэй орон сууц барих замаар яндангийн утаа дахин гаргахгүй байх нөхцөл бүрдүүлж, хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулан ажиллана гэдгийг нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдэгдлээ. Энэхүү сан Улсын болон нийслэлийн төсөв, Олон улсын байгууллага, Иргэд, ААН-үүдээс санхүүжилтээ босгох бөгөөд байнгын үйл ажиллагаатай нийслэлийн харьяа байгууллага болон цаашид ажиллах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.