Ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

2017-06-09 14:28:13

Нийслэлийн  нутаг дэвсгэрт 2017 он гарсаар ой хээрийн түймрийн 12 удаагийн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын 900 гаруй албан хаагч /давхардсан тоогоор/ 88 атомашин, хүч хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж унтраав. Түймэрт 93.5 га газар өртсөн байна. Тухайлбал, өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уулын зүүн дээд хэсэгт гал гарсан дуудлага 10.06 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 5 ангийн 60 гаруй албан хаагч түймрийг унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилтын зэрэг өндөр байгаа тул иргэд олон нийтийг ногоон бүсэд шаардлагагүй бол зорчихгүй байх, галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргахгүй байхыг сэрэмжлүүлж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.