Улаанбаатарт болох чуулганд Эрээний 30 гаруй компани оролцоно

2012-02-29 00:00:00

Өмнөд хөршийн Эрээн хотноо ажлын айлчлал хийж буй Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг өнөөдөр тус хотын намын дарга Мин Шандунтай уулзсан байна.
Хоёр хотын харилцааг улам бэхжүүлэх, ойртож хамтран ажиллах талаар хоёр тал тодорхой асуудлуудаар санал солилцжээ.  “Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд холоос биш ойроос, Эрээн хотоос сурах юм бидэнд их бий. Бид та бүхнээс санхүүгийн дэмжлэг бус ажлын арвин баялаг туршлагаасаа хуваалцахыг хүсч байна” гэж Улаанбаатарын нэгдүгээр орлогч тэмдэглэн хэлсэн байна.
    Уулзалтын дараа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл концессийн хэлтсийн дарга С.Мөнхчулуун гуравдугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо болох Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтаар хэлэлцэх төслүүдийн талаар Эрээн хотын бизнесменүүдэд мэдээлэл хийжээ. Мэдээлэлтэй холбогдуулж хятадын бизнесменүүд олон асуулт тавьж, хариулт авсан бөгөөд Монгол Улсын зах зээлд ямар ч салбарт хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж, гадаадын байгууллагууд ажиллах хууль эрхзүйн нөхцөл байдлын талаар сонирхсон байна. Түүнчлэн Улаанбаатарт болох чуулга уулзалтанд Эрээн хотын дарга тэргүүтэй тус хотын болон ӨМӨЗО-ны 30 гаруй компаниуд оролцохоор бэлтгэж байгаа гэдгийг энэ үеэр мэдэгджээ.
Мөн энэ өдөр Улаанбаатар Эрээний ижил төрлийн байгууллагуудын төлөөлөгчдийн ажил хэргийн уулзалт болж, хамтран ажиллах чиглэлээ ярилцсан байна. Дараа нь Эрээн хотын дарга Бао Цүнмин, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг нар ганцаарчилсан уулзалт хийж, хамтран ажиллах тухай Протокольд гарын үсэг зурснаар Улаанбаатарын төлөөлөгчдийн ажлын айлчлал өндөрлөлөө.