Нийслэл “Дугуйт эргүүл”-тэй боллоо

2017-05-22 11:21:02

Нийслэлийн хэмжээнд “Дугуйт эргүүл” ажиллаж эхэлжээ. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулан ажиллах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан.

Хөтөлбөрийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэл хотын хэмжээнд “Дугуйт эргүүл” ажиллаж эхэллээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд уг хөтөлбөрийн зорилго оршиж байгаа аж.

Дугуйт эргүүлээс гадна цаг үеийн нөхцөл байдалд тохируулан морь, нохойт эргүүлийг ажиллуулах юм.

Жилээс жилд гарч буй гэмт хэргийн тоо өсөж буй энэ үед нийслэл хотод эргүүлийн 68 автомашинд эргүүлийн офицер 272, эргүүлийн цагдаа жолооч 272, цагдаагийн хэлтсийн харъяа 17 дэд хэсэгт 102 хэв журмын офицер, цагдаа, эргүүлийн цагдаа 121, телекамерын жижүүрийн цагдаа 56 нийт 823 эргүүлийн алба хаагч ажиллаж байна.