Солонгосын мэдээллийн технологийн салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа

2017-05-18 10:21:25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын  дарга С.Сүх-Очир, Солонгосын талаас БНСУ-ын “ХҮ ИЗ” ХХК-ийн ерөнхийлөгч Ий Чон Жун, БНСУ-ын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Мүн Жэ Ин /одоогийн Ерөнхийлөгч/-ийн Сонгуулийн ажлын албаны Хөдөлмөр эрхлэлтийн хорооны дарга Ким Ён Дэ, Мэдээллийн технологийн “И паль” ХХК-ийн ерөнхийлөгч Чвэ Тэ Рим, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Кэй Ай Ти” мэдээллийн технологийн сургалтын төвийн ерөнхий захирал Хван Ин Гюү нар оролцов.  Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрыг өнгөрсөн онд үүсгэн байгуулсан нь залуучуудын асуудлыг дангаараа эрхлэх төрийн бүтцийг Монгол Улсын түүхэнд анх удаа бий болгосон явдал байсныг дурдаад “Та бүхэн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран мэдээллийн технологийн салбарт сургалт зохион байгуулж, залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэн, хөдөлмөр эрхлэх боломж бололцоог нэмэгдүүлж байгаад баяртай байгаа. БНСУ-д мэдээллийн технологийн салбар хөгжсөнтэй адил бид нийслэлд төдийгүй, орон даяар энэ салбарыг хөгжүүлэх шаардлага бий болсон. Мөн нийслэлд “Улаанбаатар бизнес инкубатор төв”-ийг нээн ажиллуулахаар төлөвлөж байна. Энэ чиглэлээр хамтран ажиллах гэж байгаад талархаж байгаа. Цаашид Монголын залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлбэл нийслэлийн захиргааны зүгээс  дэмжиж ажиллахад бэлэн байна” хэмээлээ.

БНСУ-ын “ХҮ ИЗ” ХХК-ийн ерөнхийлөгч Ий Чон Жун “Бид бүхэн танай улсын залуучуудад мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион байгуулж, мэргэшүүлхээс гадна Улаанбаатар хотод “Өгөгдөл мэдээллийн сангийн төв /Data backup center/”, “ХҮ ИЗ” дизайны төвийг байгуулж, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран мэргэжлийн дизайнер бэлтгэх, бэлтгэгдсэн боловсон хүчнийг ашиглан “ХҮ ИЗ” ХХК-ийн төсөл ажлыг гүйцэтгэх Мэдээллийн технологийн аутсорсинг /IT Outsourcing/-ийн тогтолцоог бий болгохоор ажиллана. Түүнчлэн Улаанбаатар хотод эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барихаар төлөвлөж байна” гэсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.