“Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор 30 мянган хүн бүртгүүлжээ

2017-05-16 17:43:23

Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны бямба гарагт болно. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн гурав дахь хуралдаан болж байна. Хуралдаанаар автомашингүй өдөр зохион байгуулах болон олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг танилцууллаа.

Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболдын мэдээлснээр “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор 30 мянган иргэн бүртгүүлжээ. Марафоны нээлт 5 дугаар сарын 20-ны бямба гарагт өглөө 9.30 цагт Сүхбаатарын талбайд болж, 10 цаг гэхэд талбайн зүүн зам дээрээс гүйлт гараанаас гарах юм. Тэмцээнд оролцогчид 5, 10, 21, 42 км-ын зайд гүйнэ.“Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдын дунд азын сугалаа явагдах юм байна. Тэмцээнийг дэмжигч байгууллагуудын шагнал болон нийслэлийн усан спорт сургалтын төвүүд, спорт зааланд хичээллэх эрхээр шагнахаар төлөвлөжээ.

Автомашингүй өдрийн нээлт мөн бямба гарагийн өглөө болно. Энэ үеэр төв талбайд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны нээлттэй хаалганы өдөр болно. Тус өдрийн арга хэмжээний бэлтгэл ажил сайн хангагдаж байгааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаад дуулгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.