Нийслэлд 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын бэлтгэл хангах тухай

2012-11-12 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нийслэлд  2013 онд  хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын бэлтгэл хангуулах, холбогдох хуулийн хүрээнд  хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтанд оруулах, батлагдсан хөрөнгийг бүрэн зарцуулах зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч нар, дүүргүүдийн Засаг дарга нар, Тамгын газар, Захирагчийн ажлын албаны хэлтэс, албад, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

   1.1.Нийслэлд 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөхдөө Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол,            2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн     2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2013 оны зорилттой нягт уялдуулан, нийслэлийн иргэдийн эрэлтэнд тулгуурлан боловсруулах.

   1.2.Нийслэлийн  2013 оны  хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд ТЭЗҮ, зураг төсөл, төсөв нь экспертизээр батлагдсан төсөл, арга хэмжээг тусгах,

   1.3.Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн газрын асуудлыг судлан нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батлуулж шийдвэрлэх, газар чөлөөлөх зардлыг судлан нийслэлийн 2013 оны төсөвт тусгах,

   1.4.Нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэд улсын болон орон нутгийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий нэгжийг холбогдох хууль журам, батлагдсан бүтэц, орон тоо, цалингийн сангийн хүрээнд 2012 оны 12 дугаар сарын 15-ны дотор байгуулан ажиллуулах,

   1.5.Нийслэлд 2013 онд хэрэгжүүлэх барилга, байгууламж, инженерийн шугам  сүлжээ, авто замын зураг төсөв боловсруулах, техникийн нөхцөл бүрдүүлэх  ажлыг  2013 оны  01 дүгээр  сарын 15-ны дотор, тендер зарлах ажлыг 2013 оны 02 дугаар сарын 01-ний дотор,  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэрээ байгуулах ажлыг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний дотор зохион байгуулж ажлыг эхлүүлэх,

   1.6. Он дамжин хэрэгжүүлж буй ажлуудын явцыг эрчимжүүлэн, хугацаанд нь ашиглалтанд оруулах,

   1.7. Өмнөх онуудад нийслэлд хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэсэн компаниудаас гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, ажил үйлчилгээ нь чанарын шаардлага хангаагүй, гүйцэтгэж буй ажлаа дамжуулан гэрээ хийж өөр байгууллагад шилжүүлсэн зэрэг зөрчил гаргасан гүйцэтгэгчдийг найдваргүй гүйцэтгэгчээр зарлан, цаашид нийслэлээс зарласан тендерт оруулахгүй, гэрээ байгуулахгүй, ажил гүйцэтгүүлэхгүй байх,

    1.8.  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын инженерийн шугам сүлжээний өргөтгөл, их засварын ажилтай авто зам, үерийн далан суваг, хот тохижилтын ажлыг уялдуулан, ажил гүйцэтгэхэд саад чирэгдэл гаргуулахгүй байхаар нэгдсэн төлөвлөгөө гаргаж, сар улирлын хуваарьт оруулан  мөрдөж ажиллах,

   1.8.  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын инженерийн шугам сүлжээний өргөтгөл, их засварын ажилтай авто зам, үерийн далан суваг, хот тохижилтын ажлыг уялдуулан, ажил гүйцэтгэхэд саад чирэгдэл гаргуулахгүй байхаар нэгдсэн төлөвлөгөө гаргаж, сар улирлын хуваарьт оруулан  мөрдөж ажиллах,

     1.9.Хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөний төслийг нийслэлийн мэдээллийн цахим хуудсуудаар болон холбогдох мэдээллийн хэрэгслэлээр мэдээлж нийслэлийн иргэдийн санал авч тусгах, ил тод байдлын нөхцлийг хангах ажлыг зохион байгуулах,

   1.10.Хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, үнэлгээний хороонд ажиллах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавих ажилд хариуцлагагүй хандаж  зөрчил гаргасан албан тушаалтанд тухай бүр холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох,

   2. Нийслэлд 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын  ажлын бэлтгэл хангах Ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.

   3. Нийслэлд 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын бэлтгэл хангах ажлын явцыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар  хэлэлцүүлж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь шуурхай зохион байгуулж, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж  ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.  

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР

 ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---