Улаанбаатар хотын олон нийтийн, орон сууцны барилгын лифтэнд хийж буй хяналт шалгалтын мэдээ

2017-05-16 13:38:50

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны А/35 дугаар тушаалаар Улаанбаатар хотын хэмжээнд “Барилга байгууламжийн лифт өргөх байгууламжид хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх ажлын санал боловсруулах” ажлын хэсэг байгуулагдан орон сууц, олон нийтийн барилгын 4688 лифтэнд хяналт шалгалт хийхээс 2017 оны III/13 –V/08 хугацаанд нийт 1515 лифтэнд хяналт шалгалт хийж ноцтой зөрчилтэй 15 лифтийг зогсоосон.

Үзлэг шалгалтад хамрагдсан лифтнээс мэргэжлийн лифтчинтэй -1127, лифтчингүй 388, техникийн магадлал хийлгэсэн 356, магадлал хийлгээгүй болон хугацаа дууссан 1159 лифт байлаа.

Үзлэг шалгалтад хамрагдсан байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодын холбогдох албан тушаалтанд  лифтний үйл ажиллагааны  чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар арга зүйн зөвлөгөө болон хууль, дүрэм, стандартын зөвлөгөөг ажлын хэсгийн гишүүд өгч, лифт тус бүрд “Зөвлөмж” өгч ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.