Нийтийн тээврийн хэрэглээнд байгальд ээлтэй түлш нэвтрүүлнэ

2017-05-11 14:28:18

“Улаанбаатарыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт “Ногоон хөгжлийг дэмжсэн, амьдрахад нэн таатай хот болгох зорилтын хүрээнд БОАЖЯ, ЭХЯ, ЗТХЯ-тай агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтарна” гэж тусгасан. Тэгвэл дээрх яамд нэн түрүүнд нийслэлийн нийтийн тээвэрт байгальд ээлтэй түлш нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх нь.

Нийтийн тээврийн гол унаа болох автобусны тоо нийт зорчих тээврийн хэрэгслийн 0.2-хон хувийг эзэлдэг боловч Улаанбаатар хотын агаарын бохирдол ба хүлэмжийн хийн ялгарлын 11.2 хувийг “үйлдвэрлэдэг” аж. Хамгийн гол нь тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдол аль ч улиралд арилдаггүй учир түлшний зүй зохистой хэрэглээ нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.

“Нийтийн тээврийн хэрэглээнд байгалийн шингэрүүлсэн хий нэвтрүүлэх төсөл”-ийг хувийн хэвшлийн болон олон улсын банк санхүүгийн байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд нийт 10.453.000 ам.доллар (урьдчилсан тооцоогоор) шаардлагатай гэж төслийн судалгааг хийсэн “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” компанийнхан тооцоолжээ. Өдгөө төслийг санхүүжүүлэх боломж бүхий байгууллагуудтай холбоо тогтоож буй аж.

Санхүүжилт шийдэгдчихвэл төслийг энэ оноос хэрэгжүүлэх юм байна. Нийтийн тээврийн хэрэглээнд ийм түлш нэвтрүүлснээр агаарын чанар сайжрахаас гадна байгалийн хийн судалгаа, шинжилгээ урагшилна гэж мэргэжилтнүүд үзэж буй гэнэ.