Зургаан настнуудын ачаа хөнгөрнө

2017-05-10 09:51:04

Улсын төсөв, гаднын зээл, тусламжаар нийт 60 сургууль барина

Жил бүрийн хавар цэцэрлэгийн ангиас сурагчийн ширээнд суух зургаан настнуудыг Ерөнхий боловсролын сургуульд элсүүлэх нь бэрхшээл дагуулдаг. Өмнө нь сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд саатуулах газар гэж цахимаар нэлээн шуугисан. Гэтэл үнэн хэрэгтээ сургуулийн өмнөх боловсрол бол цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийг нэгдүгээр ангид ороход нь дэм болох тун чухал газар аж. Түүнчлэн энэ жилээс сургуулийн өмнөх боловсролд илүү анхаарал хандуулж ажиллах бөгөөд Бага боловсролын цөм хөтөлбөрийг өөрчлөөгүй байна. Харин зургаан настнуудыг хичээлийн эхний 60 цагт сургуульд хамруулах сургалтад суулгана гэж боловсролын мэргэжилтнүүд хэллээ. Энэ жил нийслэлийн нийт 225 сургуульд хамран сургах тойрог тогтоон энэ сарын 15-ны өдрийг дуустал зургаан настнуудыг бүртгэж байгаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 10, 13, 22 дугаар хорооны хүүхдүүд 13 дугаар сургуульд бүртгүүлж, элсэн суралцана. Харин Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 26 дугаар хорооны хүүхдүүд 65 дугаар сургуульд бүртгүүлнэ. Иймээс хүүхдээ ямар сургуульд бүртгүүлэхээ мэдэхгүй байгаа эцэг, эхчүүд Нийслэлийн боловсролын газрын цахим хуудаснаас мэдээллийг авч болох юм. Үүнтэй зэрэгцэн цэцэрлэгийн ангиас сурагчийн ширээнд сууж буй балчир үрсийн сургалтын программд эцэг эхчүүдийн санаа зовнидог. Учир нь өдрийн талыг тоглож наадан өнгөрөөдөг байсан зургаан настнууд өдрийн турш нэг ангид олуулаа сууж, хичээл хийнэ гэж ойлгодоггүй. Тэгтэл хичээлийн талаар бүрэн дүүрэн ойлголтгүй яваа тэдгээр хүүхдүүдэд гэнэт л гэрийн даалгавар, үүрэг хариуцлагаар бөмбөгдөж эхэлдэг. Нэг ёсондоо туршилтын туулай болгож орхидог.

 

Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.
 
-Нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настнуудыг сургуульд орохоос өмнө нь тусгай сургалтад хамруулдаг. Энэ тухай ярихгүй юу?
 
-Энэ оны хичээлийн жилд нийт 32500 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах гэж байна. Боловсролын газрын барьж буй гол бодлого нь сургуулийн өмнөх боловсролыг чухалчлах. Гэтэл цэцэрлэгт хамрагдаагүй хүүхэд олон бий. Энэ жил уг асуудлыг цэцэрлэгт богиносгосон цагаар суралцуулахаар болсон. Тиймээс цэцэрлэгүүдэд аль болох таван настай хүүхдүүдийг хамруулахаар ажиллаж байна.
 
-Төрийн өмчийн сургуулиудаас гадна хувийн сургуулиуд өндөр үнэтэй байдаг. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
 
-Хувийн өмчийн сургуулиудыг дэмжиж ажиллаж байна. Учир нь улсын хэмжээнд сургуулийн хүрэлцээ дутагдалтай байгаагаас өдрийн хоёр, гурван ээлжээр хичээллэж буй сургууль олон байна. Тиймээс хувийн сургуулиудад хувьсах зардлыг нь өгч, дэмждэг.
 
-Хувийн сургуулиудын төлбөр их өндөр. Үүнд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
 
-Үүнд төрийн өмчийн болон хувийн сургуулиуд хамрагдаж байгаа. Сургуулиудын төлбөрийг манайхаас хянадаггүй. Харин байгуулагдахад нь тусгай зөвшөөрөл олгодог. Түүнчлэн өргөдлөөр тухайн сургуулийн сургалт, төлөвлөгөө хууль, журамд нийцэж буй, эсэхийг шалгаж байж сургалтын төлбөрийг тогтоодог. Мөн тухайн сургуульд хувьсах зардлыг улсаас хүүхдийнх нь тоогоор өгдөг. Харин сургалтын төлбөр хэт өндөр байвал улсаас гаргасан хувьсах зардлыг багасгах явдал байдаг.
 
-Бага, дунд сургуулийг нэмж барих уу?
 
-Нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх мөрийн хөтөлбөр гэж бий. 2020 он гэхэд үндсэндээ бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлнэ гэсэн бодлогыг барьж ажиллана. Тиймээс Улсын төсөв, гаднын зээл, тусламж, хувийн зардлаар гээд нийт 60 сургууль барих юм. Ингэснээрээ хүүхдийн чөлөөт цагийг зөв өнгөрөөх, авьяас чадварыг хөгжүүлэх болон төрөл бүрийн дугуйланд хамрагдах бүрэн боломжтой болно.
» Энэ жил нийт 32500 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана.
» Бага ангийн сургалтын тогтолцоонд өөрчлөлт ороогүй.
» Ахлах ангийн сургалтыг дээд сургуулийн жишгээр бие даалт хийдэг, кредит цаг тооцуулдаг жишигт оруулна.
-Олон төрлийн сургалтын программаар хүүхдийн толгой эргүүлээд байна. Үндсэн нэг чиглэлийг барьж ажиллаж болдоггүй юм уу?
 
-Олон төрлийн программ туршсан зүйл байхгүй. Харин жил ирэх тусам сайжирч байна. Жишээ нь, 2004 онд анх удаа боловсролын стандартыг тогтоосон. Үүний дараа Үндэсний хөтөлбөрийг баталсан. Хүмүүс үүнийг буруугаар ойлгоод байгаа юм. Тиймээс үүнийг тодруулж хэлэх нь зөв байх. Сургуулийн өмнөх боловсролын, бага боловсролын буюу 1-5 дугаар ангийн, дунд боловсролын буюу 6-9 дүгээр ангийн цөм хөтөлбөрт ямар нэг өөрчлөлт орохгүй, тогтвортой үргэлжилнэ. Харин ахлах анги буюу 10-12 дугаар ангийн цөм хөтөлбөрт өөрчлөлт оруулахаар ярьж байна. Тухайлбал, дээд сургуулийн жишгээр бие даалт хийдэг, кредит цаг тооцуулдаг жишигт оруулах юм.
 
-Энэ жил 2011 онд төрсөн хүүхдийг л бүртгэнэ гэж заасан. Гэтэл эцэг, эхчүүд 2012 оны нэг, эсвэл хоёрдугаар сард төрсөн хүүхдээ сургуульд өгөхөөр бүртгүүлэх тохиолдол байдаг?
 
-Нэгдүгээр ангийн хүүхдэд зориулсан сургалтын программ нь зөвхөн зургаан настай хүүхдэд л зориулагдсан. Зургаа болон таван настай хүүхдийн насны хооронд асар их ялгаа бий. Эцэг, эхчүүдэд ялгаа харагддаггүй боловч үнэн хэрэгтээ ойлголт, хичээлийг хүлээж авч буй байдал, сурах арга барил гээд олон зүйлээрээ ялгаатай учраас таван настай хүүхдийг цэцэрлэгт нь хамруулаад ирэх жил нь сургуульд өгөх хэрэгтэй.
 
-Бүртгэлийн явцад харьяаллын биш гэсэн маргаан гардаг. Үүнийг яаж шийдэж байгаа вэ?
 
-Үүнийг бид хамран сургах тойрог гэдгээр шийдсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Улаанбаатар хотод түр болон удаан хугацаагаар амьдрах гэж ирсэн бол заавал аль нэг дүүрэг, хороонд харьяалалтай байх ёстой. Тиймээс хүүхдээ сургуульд өгөх гэж байгаа бол харьяаллынхаа дагуу сургуульд бүртгүүлэхэд ямар нэг асуудал тулгарахгүй.