Иргэдэд газар өмчлүүлж байгаа юу?

2017-05-10 09:10:13

Цахим газар өмчлөлтийн асуудлаар нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Оюунбилэгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Иргэдэд цахимаар газар өмчлүүлэх ажил юу болсон бэ?

-Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, агаарын бохирдолтой холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын А/17, А/18, А/19 дүгээр захирамж гарсан.

Энэхүү захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлын бүсээс бусад газар нутагт газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахыг 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл түр зогсоосон байгаа.

-Тэгвэл иргэд одоогоор хуулийнхаа дагуу 0.7 га газраа ямар арга замаар өмчилж авах боломжтой байна?

-Иргэд алслагдсан гурван дүүрэг буюу Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Налайх дүүргийн газрын албанд өргөдөл хүсэлтээ өгч, тухайн жилийн батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд газар эзэмших хүсэлтээ гаргаж болно.

Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байршилд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрхтэй иргэдэд ахуйн болон зуслангийн зориулалтаар газрыг өмчлүүлэх ажил хэвийн явагдаж байна.

-Цахимаар газар өмчлүүлэх үеэр сонгогдсон хэр нь одоог хүртэл баталгаажуулаагүй байгаа иргэд яах билээ?

-Цахим газар өмчлөлийн үед сонгогдсон л бол хэзээ ч бичиг баримтаа бүрдүүлээд, бүрэн болгох боломжтой. Үүнд ямар нэг асуудал байхгүй.

Гэхдээ мэдээж хэзээ ч бичиг баримтаа бүрдүүлэх боломжтой гээд орхиж болохгүй.

Мөн цахим газар өмчлөлтийн үед зарлагдсан байршлуудаас хоёр байршилд газар өмчлүүлэх шийдвэр гараагүй байна.

Дээрх хоёр байршил нь эртний хэргэсүүрүүдтэй давхцсан тул холбогдох судалгааг хийж байна.

-Нийтдээ хэдэн хүнд ямар ямар байршилд хэдий хэр хэмжээний газрыг иргэдэд цахимаар өмчлүүлсэн байна?

-Цахим хэлбэрээр 2014, 2015, 2016 онуудад нийтдээ таван удаа нийслэлийн Засаг даргын есөн удаагийн захирамжаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан.

Энэ хүрээнд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 69,836 иргэнд газар өмчлүүлсэн байна.