Хотын дарга Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Фатима Сумартай уулзлаа

2017-05-08 15:43:39

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Фатима Сумартай уулзлаа. Мянганы сорилтын корпорацийн Хөрөнгө оруулалтын менежментийн хороо 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, Монгол улстай байгуулах 2 дахь компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ, нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх шийдвэр гаргажээ. Үүний дагуу хоёр дахь компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ, нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх зорилгоор Мянганы сорилтын корпорацийн Дэд Ерөнхийлөгч хатагтай Фатима Сумар манай улсад энэ сарын 8-9-ний өдрүүдэд айлчилж байна. Айлчлах хугацаандаа холбогдох яамдын сайд нар болон нийслэлийн Засаг дарга, удирдлагуудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ийнхүү санал солилцож байгаа юм.

Мянганы сорилтын корпорацийн Хөрөнгө оруулалтын менежментийн хороо хоёр дахь компакт гэрээний хөрөнгө оруулалтыг бүхэлд нь усны салбарт чиглүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, Гэр хорооллын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөр гэсэн 2 зорилгын хүрээнд Төсөл хөтөлбөрийн саналыг эцэслэн боловсруулжээ. Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны ТЭЗҮ, нарийвчилсан судалгааг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг  Мянганы сорилтын корпорациас олгоно. Нийт 10.5 сая ам долларын санхүүжилттэй аж.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Фатима Сумар хотын даргатай уулзах үеэрээ “Бид Улаанбаатар хотын ус хангамжийн үйлчилгээг сайжруулахаар зорьж байна. Үүнд гэр хороолол ч багтана. Мөн өндөр настан, хүүхдүүдэд ус хангамжийн үйлчилгээг хэрхэн хүргэх вэ гэдэгт анхаарч ажиллана.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.