Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн санал авах өдөр зохион байгуулах зарим арга хэмжээний тухай

2012-11-16 00:00:00
   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3, Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар  зүйлийн 6 дахь заалт, 12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ  нь:
 
   1.  Орон нутгийн сонгуультай холбогдуулан 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосугай.
 
  2. Сонгуулийн санал авах өдөр буюу 2012 оны 11 дүгээр сарын 21-нд нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллага, сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, сонгуулийн байгууллагууд /Санал авах байр/-ыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр таслахгүй, найдвартай хангах, хотын нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК /С.Төмөрхүү/, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК /Т.Маргад-Эрдэнэ/, нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т тус тус үүрэг болгосугай.
 
  3. Иргэдийн сонгуульд оролцох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Нарантуул”, “Хархорин”, “Да Хүрээ”, “Өгөөмөр”, “100 айл”, “Гурвалжин” орчмын барилгын материалын зах, худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр  /11 дүгээр сарын 21/-рүү шилжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.
 
  4. Энэ захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Ч.Бат/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар   /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн алба /Б.Түвшинтөгс/-нд тус тус даалгасугай. 
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР

 ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---