Олон нийтийн цагдаагийн “УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА” зохион байгуулагдлаа

2017-05-08 13:34:28

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан “Эргүүл” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн идэвх санаачлагыг дэмжих зорилгоор Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаа нарын үйл ажиллагаа, санаачлагыг дэмжих, санал сэтгэгдлийг сонсох “Уулзалт ярилцлага”-ын арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр ажлын үр дүнгээр бусдыгаа хошуучлан ажилласан 16 олон нийтийн цагдааг Нийслэлийн цагдаагийн газрын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагналаа.

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсан, Нийслэлд 2017 оныг “Иргэний оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан олон нийтийн цагдаа нарын ажиллах эрх зүйн орчин, ажлын бүтээмжийг сайжруулах чиглэлээр энэхүү арга хэмжээ зохиогдсоноороо онцлог юм.

Нийслэлийн хэмжээнд явагдаж байгаа “Эргүүл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд алслагдсан гэр хороололд 152 олон нийтийн цагдаа, “Хүүхэд-зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлага 2017” аяны хүрээнд Нийслэлийн төв замын уулзвар, гарцуудад 52 олон нийтийн цагдааг үүрэг гүйцэтгэж байна.

Олон нийтийн цагдаа нараас цагдаагийн алба хаагчтай хамтран 2017 оны эхний 4 сард нийт 69 гэмт хэргийг илрүүлж, 35220 иргэнд хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, гудамж талбайд үйлдэгдсэн 2152 зөрчлийг шийдвэрлүүлж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилласан байна.