Инновацийн нээлттэй үзэсгэлэн болно

2017-05-03 13:07:07

БСШУСЯ, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, ШУТИС хамтран “Монголын инновацийн 7 хоног-2017” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Арга хэмжээ энэ сарын 8-14-ний хоооронд болох юм. Инновацийн долоо хоногийн хүрээнд тавдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд “Инновацийн нээлттэй үзэсгэлэн”, Төрийн ордонд “Инновацийн үндэсний форум” тус тус болно.

“Инновацийн нээлттэй үзэсгэлэн” нь судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилгоор зохион байгуулагдаж байгаа аж. Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 80 гаруй байгууллага оролцоно.

Мөн “Инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд энэ сарын 9-нд “Шинжлэх ухаан-боловсрол-төр-бизнесийн түншлэл” семинарыг “Иргэний танхим”-д зохион байгуулна. Энэ үеэр төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжуудын талаар хэлэлцэж, зөвлөмж гаргахаар төлөвлөжээ. Мөн 11-12-ны өдөр “ICIED-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал,  “BPA-2017” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг тус тус зохион байгуулна. Түүнчлэн тавдугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд залуучуудын гарааны бизнесийн “START-UP  WEEKEND” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.