Нийслэл зоригтой, ЗӨВ шийдвэрүүдийг гаргаж, асуудлаа шийдээд явна

2017-04-27 15:00:54

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүтэй ярилцаж, хариуцсан салбарынх нь болон цаг үеийн бусад асуудлын талаар тодруулсан юм. 

-Нийслэлийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх  чиглэлээр  олон ажил  төлөвлөсөн.  Энэ асуудлыг  хариуцдаг орлогчийн хувьд өнөө жил нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудаас онцолж дурдана уу? 

-Энэ жил Сонсголонгийн гүүр, Замын цагдаагийн газрын урд талын олон огтлолцолтой гүүр, Баянзүрхийн гүүр болон Баянзүрх–Налайх чиглэлийн 20.9 км замын ажлуудыг бид эхлүүлэх юм. Түүнчлэн нийслэлийн уулзвар замуудаас дөрвийг нь шинэчлэн өргөтгөхөөр төлөвлөсөн байгаа.

Ингэснээр жолооч нар зөвхөн гол замууд болон Энхтайваны өргөн чөлөөгөөр л зорчих бус орон сууцнууд, байшин барилгууд, хорооллын дундах замаар чөлөөтэй явж, дараагийн чиглэл, зам руугаа шилжих  боломжтой болох  юм.  Бид нэлээд тулхтай судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Улаанбаатар хотын “Автозамын мастер төлөвлөгөө”-тэй болж байгаа. Уг ажил ерөнхийдөө дуусах шатандаа явж байна.  Товчхондоо цаашид хаана, ямар авто замуудыг нийслэлд шинээр барих вэ гэдгийг тодорхойлсон томоохон  бодлогын баримт бичигтэй болж буйгаараа онцлог юм. Өмнө нь бол энэ ажил ямар ч төлөвлөлтгүй явж ирсэн байдаг. Хэн нэгэн эрх мэдэлтэн “энд зам тавья” гээд л бараг шийдэгдэх маягаар асуудлыг эмх замбараагүй байдалд явуулж байсан аж. Харин одоо энэхүү бодлогын баримт бичиг батлагдсанаар хариуцлагагүй, салан задгай байдал өөрчлөгдөнө гэж бодож байна

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ямар байдалтай явагдаж байгаа вэ. Орон сууцанд орно гэж итгээд өмнө нь газраа өгчихсөн олон хүн бий гэдэг. Тэдгээр иргэдийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа бол?

-Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор  үүссэн хүндрэл, бэрхшээл, асуудал их байгаа ч бид эхнээс нь шийдээд л  явж байна. Амбаарт амьдарч байгаа айл өрх ч бий. Аливааг шийдэх л гэж ажилд томилогдсон болохоор аль болох боломжит арга зам олохыг  бид чухалчилж байна. Ингээд эхний ээлжинд  орон гэргүй болсон 180 гаруй өрх, айлыг Ахмадын орон сууцанд түрээсээр оруулсан. Цаана нь дахиад орон байргүй болсон 500 шахам айл үлдчихээд байна. Бид барилгын компаниудын удирдлага, захирлуудтай уулзаж тэдгээр айлуудыг түр орон сууцаар хангах, түрээсийн мөнгийг нь шийдэх зэргээр асуудлыг боломжоороо түргэвчлэн шийдвэрлэх чиглэлд ажиллаж байна.

"Бидний зорилт залуус, ахмадуудад  түрээсийн орон сууцыг хямд өртгөөр, урт хугацаанд түрээслүүлэх"

-Түрээсийн орон сууцны талаарх өмнө нь хэрэгжсэн хөтөлбөрт ямар алдаа дутагдал байсан бэ. Цаашид иргэдээ орон сууцаар хангах асуудлыг ямар зарчмаар явуулах нь  оновчтой гэж үзэж байна вэ? 

-Бидний хамгийн их хүсч, мөрөөдөж байгаа нэг л зүйл байна. Энэ нь залуус, ахмадуудад түрээсийн орон сууцыг хямд өртгөөр, урт хугацаанд түрээслүүлэх. Үүний тулд байрны сарын түрээсийн төлбөр  250-350 мянган төгрөг байхаар, 15-20 жилийн дараа  тухайн айл байраа  өмчилж  авах боломжийг судалж байна. Цаашид орон сууцжуулах хөтөлбөр олон янзын хэлбэрээр явагдана.   Иргэдэд  нэг л төрлийн  санал дэвшүүлэх нь учир дутагдалтай. Одоогийн байдлаар бид долоон төрлийн сонголтыг  санал болгохоор боловсруулчихсан байгаа. Эхлээд өмнөх маргаан дагуулсан дахин төлөвлөлтийн асуудлыг дуусгаж,  хүнд  нөхцөлд байгаа иргэдийн асуудлыг шийдэх хэрэгтэй  байна. Энэ чигээрээ цаашаа явж таарахгүй.  Түрээсийн орон сууц,  иргэдийн орлогод нь тохирсон хямд өртөгтэй орон сууц гэх зэрэг хэлбэрээр асуудлыг зохицуулж болно. Гэр хороололд амьдардаг иргэн Бат өөрийн хашаандаа байшингаа бариад, цаашид ипотекийн найман хувийн зээлд хамрагдаад явах тэр боломж юм. Ингэхдээ мэдээж дагалдах дэд бүтцийг нь хотоос  шийдэж өгнө. Төвлөрсөн шугамаас алслагдмал гэр хорооллуудын 200-300 өрхийн дунд нь бохир болон цэвэр усны шугамыг  шийдэх боломж гэж бий. Энэ бүхэн Нийслэлийг орон сууцжуулах  том хөтөлбөр дотор багтаж байгаа. Мэдээж  дөрвөн жилийн хугацаанд бүрэн хэрэгжихэд хүндрэлтэй. 20, 30 жилийн хугацаанд үргэлжлэх томоохон хөтөлбөр. Эхлэл, суурийг нь сайн тавьж, цаашид зөв голдирлоор явах нөхцлийг бүрдүүлэх нь л чухал юм.

-Та жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, цаашлаад үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцолдог. Энэ ажлын эхлэл ер нь тавигдсан уу?

-“...21 аймагт 100 үйлдвэрийн парк байгуулна” гэсэн Засгийн газрын хөтөлбөр байдаг. Мөн үүн дээр нэмэгдээд Улаанбаатар, Багануур, Багахангай, Налайхт технологийн паркуудыг байгуулахаар төлөвлөсөн нь бий. Саяхан батлагдсан Хөгжлийн банкны хуулиар “үйлдвэрийн тоног төхөөрөмжийн 85 хувь хүртэлх мөнгөнд 20 жилийн хугацаатай батлан даалт гаргаж өгөх”-өөр тусгасан. Энэ боломжид түшиглэн ажиллавал ирээдүй бий гэж бодож байна. Хөгжлийн банкны 85 хувийн батлан даалт бол маш том дэмжлэг. Солонгос, Японоос тоног төхөөрөмж худалдаж авахдаа “үлдсэн 15 хувийг нь эзэмшээд оруулаад ирэх, бид 85 хувийн санхүүжилтээ гаргая” гэх зэргээр санал тавьж ч болох юм. Өнгөрсөн  хугацаанд талх нарийн боов, гурилан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ болон гар урлалын чиглэлээр гэх зэрэг жижиг, дунд үйлдвэрүүдийг төрөөс бодлогоор дэмжиж ирсэн. Гэтэл улс орны эдийн засгийн түвшинд, урт хугацаанд  өөрсдийгөө аваад явчих  хэмжээний томоохон үйлдвэр, үйлдвэрлэлийг  хөгжүүлэх асуудал орхигдож ирсэн байдаг. Энэ утгаараа өнөөгийн нөхцөлд жижгээс дунд үйлдвэрлэлийн эрин үеийг зоригтойгоор эхлүүлье гэдэг дээр санал нэгдээд байгаа. Аливаа нийгмийн хамгийн том баялаг бол хүн.  Хотыг хүмүүс бүрдүүлдэг. Тэгэхээр дунд үйлдвэрлэлийн эрин үеийг иргэддээ зориулж, хүндээ түшиглэж эхлүүлэх нь зөв юм. Нөгөөтэйгүүр Өмнөд Солонгос, Япон зэрэг улс оронд удаан жил  сурч ажилласан,  тэндэхийн үйлдвэрлэлийн  технологийг нь  эзэмшсэн  олон арван залуус бий. Энэ  капитал, баялгийг бид ашигламаар байна. Тэдэнд туршлага байдаг ч  өндөр үнэтэй  тоног төхөөрөмж худалдаж аваад, үйлдвэрлэл эрхлэх боломж хараахан алга. Тиймээс залуустаа боломж  олгох, үйлдвэрлэлээ хөгжүүлэх  зорилгоор Улаанбаатар хотын зүгээс Хөгжлийн банктай хамтран ажиллахаар  гэрээ байгуулаад байна.  Удахгүй энэ сарын 28-нд гадаадад ажиллаж байгаад нутагтаа ирсэн залуучуудтай уулзалт хийнэ.  Одоогоор, 400 гаруй залуус уулзалтад оролцохоор  бүртгүүлээд байна. Жишээ нь, Солонгост шилний үйлдвэрт ажиллаж байгаад ирсэн 10 юм уу 20 залуу нийлээд энэ чиглэлийнхээ компанийг байгуулах боломж байж болох юм. Тэд 50 сая ам.долларын тоног төхөөрөмж худалдаж авахаар төлөвлөсөн гэж жишээлж  бодоход, үүний 85 хувь  дээр нь Хөгжлийн банк батлан даалт гарган санхүүжилт олгоод, цаашдаа хувьцаа эзэмшигч хэлбэрээр явж болно гэж үзэж байна.  Гэхдээ тухайн компанийн ашгаас хуваалцаад байна гэсэн үг биш. Хөл дээр нь бостол  батлан даана л гэсэн үг.

-Улаанбаатар хотын хэмжээнд дэд бүтцийг цогцоор шийдэхэд  эрхзүйн орчин   дутагдалтай  гэдэг. Эрхзүйн  шинэчлэлийн хүрээнд ямар зохицуулалт шаардлагатай байгаа вэ? 

-Зөрчилтэй зүйлүүд байгаа. Ялангуяа хот тосгоныг дахин барилгажуулах тухай хууль, түүнийг дагалдан гарах журмууд эцэстээ шүүхийн маргаан дагуулах нь бий. Үүнээс болж ажил зогсдог үзэгдэл түгээмэл шүү дээ. Хуучирсан буюу насжилт өндөртэй барилгыг дахин төлөвлөх ажил дээр энэ маргаан их гардаг.  Дэд бүтцийн ажлыг нэг, хоёр жилд  хийх боломжгүй.  Олон жилээр төлөвлөж, их хэмжээний хөрөнгө зарж байж шийддэг гэдгээрээ онцлогтой ажил юм.

-Нийслэлийн эрхзүйн тухай байдлын  хууль шинэчлэгдэхээр хүлээгдэж байна. Энэ хууль батлагдвал  статусын хувьд  хот яаж өөрчлөгдөх вэ?  

-Хуулийг  шинэчлэх шаардлага бий. Жишээ нь, Сонгинохайрхайн дүүргийн нэг хорооны хүн ам нэг аймагтай тэнцэж байна шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын нийслэл болон  Улаанбаатар хотын эрхзүйн байдлыг тусад нь хуульчилж авч үзэх ёстой. Тухайлбал, Сөүл хотын дарга статусаараа Засгийн газрын Шадар сайдтайгаа адилхан эрх, үүрэг хүлээдэг ойрхоны жишээ ч байна. Мөн Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүс болчихоод байгаа. Бид гэнэтийн болон болзошгүй аюулд бэлтгэлтэй байх ёстой. Үүнд их хэмжээний хөрөнгө  мөнгө шаардлагатай.  Гэтэл манай өнөөдрийн эдийн засгийн даац ямар байгаа билээ.  Тэгэхээр төлөвлөлт, шинэ санаачилга зайлшгүй хэрэгтэй болж байгаа юм.

"  Улаанбаатар хотод Сэлбэ, Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг найман дэд төвийг  хөгжүүлнэ "


-Улаанбаатар хотыг дахин төлөвлөх боломж, нөөц нь ямар байдаг бол. Үүнээс улбаалан дагуул хотын асуудал нэлээд яригддаг?

-УИХ-аар баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”, “2030 оны чиг хандлага”   зэрэг баримт бичигт Улаанбаатар хотын хаана нь үйлдвэрүүд байрлах юм, хаана нь өндөр давхрын болон нам давхрын орон сууцнуудыг олноор нь барих вэ гэхчлэн тодорхой зүйлүүд тусгагдсан.
Энэ хүрээнд Улаанбаатар хотод Сэлбэ, Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг найман дэд төвийг хөгжүүлэхээр тусгасан байгаа. Өнөөдөр  төрийн үйлчилгээний томоохон байгууллагууд болон үзвэр үйлчилгээ, худалдааны газрууд бүгд л  нийслэл хотдоо төвлөрч байна. Энэ их  төвлөрлийг задлах, сааруулах зорилгоор  найман дэд төвийг хөгжүүлэх юм. Залуучуудын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, сургууль цэцэрлэг, кино театр, худалдаа үйлчилгээ нэг дор цогцолсон  дэд төвүүд бий болно. Өөрөөр хэлбэл, иргэд заавал хотын төв рүү явж үйлчилгээ авдаг биш өөрийнхөө амьдарч байгаа газраасаа бүх төрлийн үйлчилгээг хүртдэг  болно. Үүнд мэдээж  багагүй хугацаа шаардагдана. Тиймээс  эхний ээлжинд төрийн үйлчилгээг хороод руу чиглүүлэхэд анхаарч ажиллаж байна. Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зарим хороодод дүүргээс авдаг үйлчилгээг үзүүлэх ажлыг загвар байдлаар  эхлүүлээд  явж байгаа.

-Зуун айл, Да хүрээ зэрэг худалдааны томоохон захуудыг  цэгцлэх асуудал олон жил яригдаж байгаа ч тодорхой ахиц гараагүй.  Мөн их, дээд сургуулиудыг хотоос гаргана гэж байсан ч бас замхарсан.  Энэ удаа  хотын удирдлагууд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол? 

-Авто худалдааны шинэ төвийг өмнө нь олон тэрбум төгрөгөөр барьсныг  та бүхэн мэдэж байгаа. Гэвч одоо үйлчилгээ явуулаагүй, зогсоол худалдаж авсан иргэд хохирсон байдалтай байна...  Ер нь бол, автомашины худалдааг тэр шинээр баригдсан авто зогсоол руу шилжүүлэх хэрэгтэй юм. Гэхдээ эдийн засгийн хөшүүрэгт тулгуурлахгүй бол бэрхшээл гарах нь ойлгомжтой.  Жишээ нь,  Да хүрээ захын газар гэхэд л орон сууцны зориулалтай. Зориулалтын бус газарт байрлаж, тэгээд  үйл ажиллагааг нь өөрчилсөн бол өндөр татвар авах  ёстой л доо. Мөн  нөгөө талаас  иргэдийг шинэ авто худалдааны төв рүү  явах сонирхлыг нь  төрүүлэх хэрэгтэй байгаа юм.  Тодорхой хугацаанд зургаан сар ч юм уу хамгийн бага үнийг санал болгоод, хүмүүс тийшээ очдог урсгалыг бий болгох зэргээр  менежментийг нь сайжруулж ажиллавал үр дүнд хүрнэ байх.

-Нийтийн эрх ашигтай холбоотой асуудалд зоригтой, шийдэмгий ажиллах хэрэгтэй байх.  Бүх хүний санаанд нийцүүлнэ гэж байхгүй шүү дээ?

-Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс шинээр томилогдсон цагаасаа зоригтой алхмуудыг хийж байгаа. Цаашид ч хийнэ. Тухайлбал, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдолттой холбоотойгоор 2018 оны 1-р сарын 01 хүртэл хот руу шилжин ирэгсдийг хязгаарласан. Нийслэл хот анх удаа “улаан шугамаа татах” захирамжийг хотын Засаг дарга гаргалаа.  Одоо ус, дулаан, цахилгаан, нийтийн тээврийн асуудлаа цэгцлэхээр ажиллаж байна.  Энэ мэт зоригтой, шийдэмгий алхмуудыг бид гаргахад эмээх зүйл байхгүй. 

-Нийтийн тээврийн үйлчилгээ 100 хувь   картын системд шилжлээ. Төрөөс авдаг  татаасаа чамладаг, үнээ нэмнэ гэж айлгадаг” байдал  дахиж гарахааргүй болж байна уу? 

-Хагас жилийн хугацаанд  энэ ажлыг хийх бэлтгэлийг  хангасны үр дүнд  иргэд нийтийн унаагаар зорчихдоо 100 хувь картаар үйлчлүүлдэг боллоо. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн орлого 25 хувиар өсөөд байна. Төсвийн ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулахаас эхлээд олон талын үр ашигтай ажил болсон.  Тухайлбал, хяналт сайжирсан. Мөн автобусыг  камержуулах ажлыг үе шаттай  эхлүүлээд  байна. Цаашдаа улам боловсронгуй болгоно. Бид BRT буюу хурдан автобусыг гурван чиглэлд явуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, Таван шараас Офицеруудын ордон, Долоон буудлаас Яармаг, Нарантуулаас Таван шар гэсэн чиглэлд хурдан автобус явуулах юм.

-Баярлалаа, ярилцлага өгсөнд. Танд амжилт хүсье.