Энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжинэ

2017-04-10 13:44:30

Нийслэлийн ИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж эхэлсэн.

Мөн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ.

Ингэхдээ дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн. Энэ дагуу дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих юм.