Журмын төслийн хэлэлцүүлэг боллоо

2017-04-04 11:06:09

“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хөтөлбөрийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын шинэчилсэн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, иргэд оролцсоноос гадна холбогдох ажил хариуцсан дарга, мэргэжилтэн зэрэг 60 гаруй албан хаагч оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд журамд өөрчлөлт оруулах үндэслэл, төслийн танилцуулгыг Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг танилцуулсан юм. Танилцуулгын дараа хэлэлцүүлэг өрнүүлж, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл иргэдийн зүгээс гаргасан санал, санаачлага, гомдол мэдээллийг сонсч, асуудлуудыг нэгтгэн журмын төсөлд тусган оруулах хүсэлтээ бичгээр уламжлав гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.