Уранхай, дутуу мөнгөөр автобусанд үйлчлүүлэх цаг ард хоцорлоо

2017-03-27 11:49:43

-Нийслэлийн Засаг дарга С.Батболд ухаалаг автобус төсөл үр дүн муутай байгаа талаар хэлж байсан- 

 Ирэх сарын 1-ээс эхлэн Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, зөвхөн картаар зорчих шийдвэр гарлаа. Уг шийдвэр нь Нийтийн тээврийн төлбөрийн тогтолцоог ийнхүү цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлснээр үйлчилгээний чанар сайжирч, шугамын үйлчилгээний орлого бүрэн төвлөрнө гэж мэргэжилтнүүд үзэж байгаа гэнэ.

Хэдийгээр бид гурван жилийн өмнө дэлхийн бусад хотуудын жишгийг дагаж ухаалаг шийдэл рүү орсон ч гэлээ нөгөө талаараа энэ шийдэл нь нийтийн тээврийг алдагдалтай ажиллахад хүргэсэн юм. Өөрөөр хэлбэл, хотын соёлд бүрэн дадаагүй ухамсаргүй иргэд цахим карт авч 500 төгрөгөөр зорчихоос илүү 200, 300 төгрөг хийж зорчихыг илүүд үзэж байна. Үүнээс л үүдэж нэлээд хэл амтай эхэлсэн ч дэлхийн жишгийг дагаж хийгдсэн ухаалаг автобус төсөл өнөөдөр үр дүн муутай байгаагаа хүлээн зөвшөөрч ийнхүү бэлэн мөнгөний хайрцгийг хураахаар болсон явдал юм. Ямартай ч иргэд бэлэн мөнгөөр бус зөвхөн смарт картаар төлбөрөө төлөх боллоо гэсэн үг.

Бэлэн мөнгөний хайрцаг хараа хяналт үнэхээр муу байсан

Энэ талаар Улаанбаатар смарт картны үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ “2015 оны долоодугаар сарын 29-ний өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд “Удирдлага,мэдээллийн болон цахим төлбөр”-ийн систем нэвтрүүлсэн. Бэлэн мөнгөний хайрцаг хараа хяналт үнэхээр муу байсан. Иргэд хуурамч мөнгө хэрэглэх, мөнгөний хайрцагт уранхай мөнгө хийхээс авахуулаад дутуу мөнгөөр үйлчлүүлэх тохиолдол ихээр гарч байсан.

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдийн 63 хувь нь бэлэн мөнгөөр тооцоогоо хийж байна. Харин үлдсэн 37 хувь нь картаар зорчилт хийж байгаа. Бэлэн мөнгөөр зорчих иргэдийн зөрчилтэй үйлдэлтэй холбогдуулан нийтийн тээврийн салбарт багагүй хохирол учирсан. Энэхүү шинэчлэгдсэн систем нь нийтийн тээврийн үйлчилгээний чанар болоод хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг олон нийтийн тээврээр зорчих соёл, цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх зорилготой” хэмээв.

Цахим картаар зорчих болсонтой холбогдуулан тус компаниас карт цэнэглэх, борлуулах 438 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бол ирэх сарын 1-ээс 480 цэгийг ажиллуулж эхлэх гэнэ. Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих смарт картыг нийслэлийн захын бүсүүдэд 20 мянган картыг үнэгүй тараахаар болсон байна. Энэ нь иргэдийг хамгийн эхэнд карттай болгож бүгдийг нь нэгдсэн нэг системд хэвшүүлэх арга барил гэнэ.

Ямартай ч нийтийн тээвэр ухаалаг системд шилжээд гурван жилийн нүүр үзэж байгаа ч энэ мэт асуудлууд өнгөрсөн хугацаанд олонтаа гарсан. Тухайлбал, ухаалаг системд шилжсэнээр нийтийн тээврийн компаниуд ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хэмжээнд хүрч байсан удаатай. Тухайлбал, өнгөрсөн сард 6.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа тухайг “Зорчигч тээврийн нэгтгэлийн үйлдвэрчний хорооны дарга М.Гэрэлчулуун хэлж байсан юм.

Тэрбээр “Цахилгаан тээврийн хэрэгсэл бол агаар орчин бохирдуулдаггүй, иргэдэд хямд үнээр үйлчилдэг.Ийм тээврийн хэрэгслийг цааш нь хөгжүүлээд, сайжруулаад явах байтал сэлбэг материалыг нь шийдээгүйн улмаас үйл ажиллагаа нь зогсчихоод байна. Үүнийг дагаад маш олон ажилчид хохирч байна. Одоогоор багадаа 6.5 тэрбум төгрөгийн алдагдалд орсон гэсэн мэдээ байна” гэсэн билээ.

Мөн энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд ухаалаг автобус төсөл үр дүн муутай байгаа талаар ч хэлж байсан. Тэрбээр “Төлбөрийн цахим систем нийслэлийн нийтийн тээврийн системд нэвтэрсэн нь сайн зүйл. Цаашид ч үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бид үзэж байна. Гэхдээ Монгол, Солонгосын нийтийн тээврийн салбар, иргэдийн амьжиргаа, орчин нөхцөл өөр. Үүнийг та бүхэн зарим зүйл дээр гүйцэд тооцоолоогүй гэж харагдаж байгаа юм.

Карт борлуулах компани болон нийтийн тээврийн компани хооронд ямар эрх, үүрэг байхыг ч тодорхой болгоогүй. Бас нэг том асуудал нь картыг хаанаас авах, ямар хугацаатай, хаана цэнэглэх зэрэг нь тодорхой бус байна. Гуравдугаарт, хяналтын системийг компаниудад өгсөн нь буруу. Хяналтын систем тусдаа байх хэрэгтэй. Ийм дутагдлууд ажиглагдсан. Мөн солонгосын талаас системийн программ хангамжууд бүрэн хийгдэж дуусаагүй зэрэг хийгдээгүй ажлууд ч бий. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн 40 хүрэхгүй хувь нь цахим картаар зорчиж байна.

Энэ нь энэхүү төслийн үр дүн муутай байгааг харуулж байгаа юм” гэж хэлж байсан юм. Яг үнэндээ хотын даргын хэлсэнчлэн иргэд цахим картаа хаанаас худалдаж авах, хаана цэнэглүүлэх зэрэг нь тоорхойгүй байсан нь бодит үнэн. Уг нь энэ байдлыг хотын дарга ажлаа аваад удаагүй байхдаа хэлж байсан ч үүнийг Улаанбаатар смарт картынхан ажил хэрэг болгож чадаагүй. Одоогоор нийтийн тээвэрт шинэчлэл хийснээс хойш автобус компаниуд 6.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээчихээд байгаа юм.