Улаанбаатар хотын Нийтийн тээврийн талаарх судалгааг эхлүүлнэ

2017-03-21 13:35:23

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй Улаанбаатар хотын Нийтийн тээврийн талаарх судалгааг эхлүүлэх, зөвлөх үйлчилгээний ажлын нээлтийн ажиллагааг хийх талаар өнөөдөр хоёр талын хамтарсан уулзалт боллоо. Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Даваасүрэн болон холбогдох албаны хүмүүс нөгөө талаас ЕСБХБ-ны Төв Ази, ОХУ болон Монгол Улсын дэд бүтцийн төслүүд хариуцсан ахлах банкир Светлана Радченко болон зөвлөх багийнхан оролцлоо.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд энэхүү ажил маань эхэлж байгаад бидний зүгээс баяртай байна. Өмнө нь та бүхэнтэй хотын дарга уулзахдаа нийтийн тээврийн бодлого, парк шинэчлэл, маршрут зэрэг цогц бодлогын хүрээнд техникийн тусллалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Энэ хүрээнд олон улсын тендер зарлагдаад “Мот-МакДоналд” фирм шалгарсанд баяртай байна. Тус судалгаа, техник туслалцааны ажил зургаадугаар сарын 15-ны өдөр дуусах ёстой байгаа. Улаанбаатар хотын нийтийн тээврийн цаашдын хөгжлийн бодлогод та бүгдийн техникийн туслалцааны судалгааны дүгнэлт маш чухал үүрэгтэй гэдгийг онцолж хэлмээр байна. Та бүгдийн ажлын даалгаврт нийслэлд хэрэгжих BRT төслийн талаар тусгагдсан байгаа, нийтийн тээврийн салбарыг дан ганц автобус биш такси үйлчилгээг бас багтаан харах хэрэгтэй. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт анхаарах чухал хүчин зүйлсийг та бүхэн сайтар судлан гаргаж өгөхийг хүсье. Цаашдаа бид хэрхэн ажиллаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх сонирхолыг нэмэгдүүлэх вэ гэдгийг та бүхний судалгаанаас харна гэдэгт найдаж байна” хэмээлээ.

Светлана Радченко “Нийтийн тээвэр бол Улаанбаатар хотын хувьд маш чухал асуудал. Бид өнгөрсөн онд нийслэлийн Засаг дарга С.Батболдтой уулзахдаа нийтийн тээврийн парк шинэчлэлийн хэрхэн хийх, бусад төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан яаж хийж болох талаар сайн ярилцсан байгаа. Энэ хүрээнд урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгааг хийнэ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн судалгаанд бага оврын автобус болон такси үйлчилгээ ч багтаж байгаа юм. Судалгааг хийхдээ Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад хандивлагч байгууллагуудын хийсэн төсөл хөтөлбөрүүдийг харгалзан үзэх болно” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.