Ц.Мөнх-Оргил, С.Батболд нар Багахангай дүүргийн иргэдтэй уулзлаа

2017-03-18 19:43:02

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар өчигдөр Багахангай дүүрэгт ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ. Ц.Мөнх-Оргил сайд, хотын дарга С.Батболд нар Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийснээр дүүрэгт ажиллах үйл ажиллагаа эхэлсэн. Сайд Ц.Мөнх-Оргил Засгийн газраас баримталж байгаа бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар, хотын дарга С.Батболд нийслэлээс хийж хэрэгжүүлж буй ажил үйл ажиллагаа, баримталж байгаа бодлого чиглэлийнхээ талаар товч танилцуулсан. Үүний дараа “Илч орд” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай болон ашиглагдахгүй байгаа орон сууцны 1-р байрны нөхцөл байдалтай танилцсан юм. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Түүнчлэн “Алтан оршихуй групп” ХХК-ийн “Ахуйн мандал” дахиварын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компани техникийн хаягдал ашиглагдсан тосыг дахин боловсруулж евро4 стандартын шаардлага хангасан дизел түлш үйлдвэрлэдэг аж. Импортыг орлох “Монгол эко түлш” үйлдвэрлэж Монгол брэндийг бий болгож чаджээ. 2014 оноос бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлсэн тус компани энэ хугацаанд 4 сая литр байгальд аюултай хог хаягдлыг устгаж, 280 сая ам метр газар нутаг, 4 тэрбум тонн цэвэр ус бохирдохоос хамгаалж чадсан гэдгээ үйлдвэрийн удирдлагууд танилцуулсан юм. Тус компани техникийн хаягдал ашиглагдсан тосыг Оюутолгой, Энержиресурс, МАК, Багануур зэрэг уул уурхайн компаниудаас авдаг байна. 1 тонн техникийн хаягдал ашиглагдсан тосыг дахин боловсруулж 800 литр дизел түлш гарган авдаг байна. Компанийнхан цаашид үйлдвэрээ өргөтгөн автобинзен үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд эдийн засаг болон хууль эрх зүйн дэмжлэг хэрэгтэй байгааг танилцуулгынхаа үеэр хэлж байлаа.

Дүүргийн иргэдтэй хийсэн уулзалт 2 дугаар хорооны Соёлын төвийн байранд боллоо.Иргэд ГХ-ийн сайд, хотын дарга болон хэлтсийн дарга, зарим агентлагийн дарга хүрэлцэн ирж уулзаж буйд талархлаа илэрхийлээд сонирхсон асуултаа тэднээс асууж байв. Багахангайн мах боловсруулах үйлдвэрийн өрийг тэглэж, үйл ажиллагааг сэргээх, дүүрэгт боловсролын хэлтэстэй болох, газрын үнэлгээг өөрчлөх, Богд хан төмөр зам төсөл хэрэгжвэл Багахангайгаар дайруулах зэрэг олон асуулт иргэдийн зүгээс тавьсан юм. Иргэдийн тавьсан асуултуудад Ц.Мөнх-Оргил сайд УИХ болон Засгийн газрын түвшинд шийдэх боломжтой, хууль санаачлан өргөн барих замаар шийдүүлэх зэргээр боломжтой бүх хэлбэрээр дэмжих, мөн холбогдох албаныханд нь дамжуулж, уламжлан шийдүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ хэлж байлаа. Мөн газрын үнэлгээний асуудал хотын захирагчаас салбарын сайдаар нь дамжигдан Засгийн газраар хэлэлцэгдэх шатандаа явж байгаа. Тиймээс салбарын сайдад нь энэ бүхний учир шалтгааныг тайлбарлаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх үед тайлбарлаж танилцуулах болно гэдгээ илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Багахангай дүүрэг нь төмөр зам, авто замын зангилаа бүхий хөгжих маш их боломжтой. Нийслэлийн зүгээс эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн төслийг дэмжих бодлого баримталж байгаа. Өнөөдөр дүүргийнхээ болж байгаа, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа. “Илч-Орд” ОНӨААТҮГ-ын ажилтай танилцсан. Төвийн 400 метр дулааны шугамыг шинэчлэх асуудалд дэмжлэг үзүүлнэ. Боловсролын хэлтсийн хувьд яаманд харьяалагддаг, төсөв санхүү нь энэ жилийн төсөвт суугаагүй учир 2018 оны эхнээс 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлнэ. Богд хан төмөр замын төслийг Багахангайгаар дайруулах, дамжин өнгөрүүлэх нь зөв, үүнийг би дэмжиж хөөцөлдөнө. Учир нь Багахангай төмөр зам, автозамын зангилаа. Тиймээс тээвэр ложистикийн төв болох бүрэн боломжтой юм.Олон тооны ангарыг агуулах зэргээр ашиглах болно. Багахангайд үйлдвэрлэл технологийн парк байгуулах боломжтой. Мах боловсруулах үйлдвэр гэлтгүй арьс шир боловсруулах холимог үйлдвэр байгуулах нь ашигтай. Махны үйлдвэр малын захыг хамтад нь шийдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, говийн аймгуудын мах арьс ширийг эндээ боловсруулж, нийслэл хотыг эрүүл ахуй чанарын шаардлага хангасан мах махан бүтээгдэхүүнээр хангах, цаашлаад экспортлох боломж бүрдэнэ гэсэн үг. Газар төлөвлөлтийг иж бүрнээр нь шийдэх ёстой” гэлээ.

ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар иргэдийн тавьсан санал хүсэлтийг хууль эрх зүйн хүрээнд шийдэх, шийдвэрлүүлэхээр ажиллах болно гэдгээ илэрхийлж байлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.