Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: ХУД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж байна

2017-03-17 18:13:08

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Дүүргийн Эрүүл мэндийн төв нь 16 хорооны 150 мянга гаруй хүн амд нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эрүүл мэндлийн нэгдлийн эмч мэргэжилтнүүд тулгамдаж буй асуудлаа сайдад танилцууллаа. Тухайлбал,  Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн урсгал, зохион байгуулалт стандартын бус. Мөн хөнгөвчлөх болон хүнд өвчтөний өрөөний тоног төхөөрөмж хангалтгүй, тоног төхөөрөмж хангалтгүй, эмнэлгийн барилга зэрэг асуудлуудыг тавьлаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засгийн газрын гишүүд дүүргүүдийн асуудалтай зүгээр нэг танилцаад өнгөрөх биш тодорхой хэмжээнд асуудлуудыг шийдээд явж байгааг хэллээ. Тэрбээр “ХУД-ийн нэгдсэн эмнэлгийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барья. “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр 6” төслөөр барья гэсэн нэг шийдэлд хүрлээ. Мөн ХУД-т байгаа, олон жил зогссон, хууль хяналтын байгууллагаар явагдаж байгаа байрыг үргэлжлүүлж барих талаар Засгийн газрын хуралдаанд оруулж, концессын гэрээгээр эхэлсэн. Тендер зарлагдсан учраас барилгын улирал эхэлмэгц хэрэгжээд явна гэж үзэж байна. Дэд бүтэцтэй нь болон хүн амын тусламж үйлчилгээний хүртээмжтэй нь холбоотойгоор энэ 2 асуудлыг шийдээд явж байна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.