Налайх дүүргийн Засаг дарга үр дүнгийн гэрээ байгууллаа

2017-02-22 16:43:07

Өнөөдөр Налайх дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчидтай үр дүнгийн гэрээ байгуулах ёслол боллоо.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазартай Эдийн засаг, хот байгуулалт хариуцсан орлогч Ц.Нарандалай, Үйлдвэр, ногоон хөгжил хариуцсан орлогч С.Тунгалаг, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, 7 хорооны Засаг дарга, 45 байгууллагын дарга, удирдлагууд үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.

Үр дүнгийн гэрээний зорилго нь үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа сайжруулах, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах талаар менежерийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршиж байгаа юм.

Бүх байгууллагын дарга удирдлагуудтай үр дүнгийн гэрээнд гарын үсэг үзэглэсний дараа дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: “Бид иргэддээ үйлчлэх сэтгэлтэй, зүтгэлтэй, хүнд сурталгүй, авлигагүй, ил тод нэг баг болж дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө зүтгэхэд энэхүү гэрээ байгуулж байгаагийн гол зорилго оршиж байна. Та бүхэн дор бүртээ хариуцсан салбар, нэгждээ идэвх чармайлт гаргаж ажиллахын зэрэгцээ, хамтын ажиллагаагаа сайжруулах нь чухал юм” гэдгийг онцоллоо гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.