Нүүрс химийн аж үйлдвэрийн иж бүрэн цогцолбор барих төслүүдийг дэмжиж газар эзэмшүүлэх тухай

2012-05-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.4 дүгээр заалтын “а”, “д” хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.3, 2.4 дүгээр заалт, Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8/72 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичгүүдэд туссан нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж бензин, шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж эхлэх бодлогын хүрээнд нүүрс химийн аж үйлдвэрийн иж бүрэн цогцолбор барих төслүүдийг дэмжиж Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, технологийн паркийн бүсэд нүүрс химийн аж үйлдвэрийн цогцолбор байгуулах газрын байршлыг тогтоохыг Багануур дүүргийн Засаг дарга /Ц.Сандаг-Очир/, нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-нд даалгасугай.
  2. Нүүрс химийн аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар тогтоогдсон байршилд холбогдох төрийн байгууллагуудаар дэмжигдсэн нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэр байгуулах төслүүдийг шалгаруулж газар эзэмшүүлэх асуудлыг зохион байгуулахыг Багануур дүүргийн Засаг дарга /Ц.Сандаг-Очир/, нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-нд зөвшөөрсүгэй.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР