Салбар зөвлөл, түүний ажиллах журам батлах тухай

2012-05-02 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 ”в”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах тухай” 141 дүгээр зарлигийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Олон улсын хөл хориот халдварт өвчин, нян, хими, цацраг идэвхит бодис, хоол хүнсний гаралтай хордлого, халдвар, нийгмийн эрүүл мэндэд аюул учруулах эрсдлийг эрт сэрэмжлүүлэн хариу арга хэмжээ авах салбар дундын мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, Салбар зөвлөлийн чиг үүрэг, байгууллагуудын гүйцэтгэх үүргийг хоёрдугаар, болзошгүй эрсдлийн үед ажиллах мэргэжлийн баг, мэдээлэл харилцааны багийн бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Нийгэм эдийн засагт ноцтой хохирол учруулах олон улсын хөл хориот хүн, мал амьтны өвчлөлийн үед ажиллах бэлэн байдлыг хангуулах салбар хоорондын мэдээллийн зөв тогтолцоо, уялдааг сайжруулах, аливаа эрсдэл бууруулах хамтарсан төлөвлөгөө, урьдчилан сэргийлэх тандалтын журам боловсруулан мөрдүүлж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар / С.Туул /-т, Мал эмнэлгийн газар /Д.Урансүрэн/ -т даалгасугай.
  3. Нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшиг, олон улсын хөл хориот шинэ ба сэргэж буй халдварт өвчин, нян, хими, цацраг идэвхит бодисын хордлого болон нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулсан өвөрмөц ба сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үед ажиллах мэргэжлийн багийг чадавхижуулах арга хэмжээ авах, эрсдлийн үеийн харилцаа холбооны журам гарган мөрдүүлэхийг нийслэлийн Мэдээлэл технологийн газар / Я.Сод-Эрдэнэ /-т, Эрүүл мэндийн газар / С.Туул /-т, Онцгой байдлын газар / Х.Батбилэг/-т тус тус даалгасугай.
  4. Нийслэлийн ард иргэдийг болзошгүй гамшгийн аюулаас авран хамгаалах үйл ажиллагаанд сурган дадлагажуулах чиглэлээр явагдах сургалтанд дээрхи асуудлыг заавал тусган хэрэгжүүлж байхыг нийслэлийн Онцгой байдлын газар / Х.Батбилэг/-т даалгасугай.
  5. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад үүрэг болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 02-ны өдрийн
297 дугаар захирамжийн
нэгдүгээр хавсралт

ОЛОН УЛСЫН ХӨЛ ХОРИОТ ХАЛДВАРТ ӨВЧИН, НЯН, ХИМИ,
 ЦАЦРАГ ИДЭВХИТ БОДИС, ХООЛ ХҮНСНИЙ ГАРАЛТАЙ
ХОРДЛОГО, ХАЛДВАР, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛ
УЧРУУЛАХ ЭРСДЭЛИЙГ ЭРТ СЭРЭМЖЛҮҮЛЭН ХАРИУ АРГА
ХЭМЖЭЭ АВАХ САЛБАР ДУНДЫН МЭРГЭЖЛИЙН
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга:                                             Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч

Орлогч дарга:                               Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга

Гишүүд:                                          Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч
                                                         Гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн дарга
                                                         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга
                                                         Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга
                                                         Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
                                                         Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга
                                                         Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын дарга
                                                         Нийслэлийн Цагдаагийн газрын орлогч дарга
                                                         Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга 
                                                         Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтсийн дарга
                                                         Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн төв лабораторийн эрхлэгч

                                                         Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн Тандалт, судалгааны албаны дарга /тохиролцсоноор/
                                                         Байгалийн голомтот халдварт өвчин судлалын Үндэсний төвийн Тандалт, судалгаа хариуцсан дэд захирал /тохиролцсоноор /

                                                         Хордлогын үндэсний төвийн ерөнхий эмч /тохиролцсоноор /
Нарийн бичгийн
дарга                                              Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний тандалт, зохицуулалтын албаны дарга

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 02-ны өдрийн
297 дугаар захирамжийн
хоёрдугаар хавсралт

ОЛОН УЛСЫН ХӨЛ ХОРИОТ ХАЛДВАРТ ӨВЧИН, НЯН,
ХИМИ, ЦАЦРАГ ИДЭВХИТ БОДИС, ХООЛ ХҮНСНИЙ
ГАРАЛТАЙ ХОРДЛОГО, ХАЛДВАР БОЛОН НИЙГМИЙН
ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛ УЧРУУЛАХ ЭРСДЭЛИЙГ ЭРТ
СЭРЭМЖЛЭН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ САЛБАР
ДУНДЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ, МЭРГЭЖЛИЙН
АЛБАДЫН ЧИГ ҮҮРЭГ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Олон улсын хөл хориот хүн, мал амьтны халдварт өвчний сэжигтэй ба өвөрмөц тохиолдол /цаашид халдварт өвчин гэх/ нянгийн болон химийн хордлого /цаашид хордлого гэх/ нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал гэж үзсэн өвчлөлийн тохиолдлын тархалт, хөдлөл зүй голомтын хүрээг тогтоох, хариу арга хэмжээг шуурхай авах зорилгоор нийслэл хотын мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж, Нийслэлийн онцгой комиссын дарга, түүний бүрэлдэхүүн, салбарын удирдах байгууллагуудыг үнэн зөв мэдээллээр хангаж, цаашид авах арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулан шийдвэр гаргуулах, уг шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээг хамтран шуурхай зохион байгуулан, мэргэжлийн багийг үйл ажиллагаанд оруулах, мэргэжил арга зүйгээр хангахад оршино.

1.2 Нийслэлийн салбар зөвлөл нь нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга, алба, хэлтсийн мэргэжлийн хүмүүсээс бүрдэнэ.

Хоёр. Салбар зөвлөлийн чигүүрэг

2.1. Хүн, мал амьтны халдварт өвчин хоол хүнс, химийн хордлого нийгмийн эрүүл мэндэд ноцтой байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад Нийслэлийн мэргэжлийн албадын хамтын ажиллагааны уялдааг хангаж зохицуулалт хийх.

2.2. Нийгмийн эрүүл мэндэд ноцтой байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх тандалт хяналт, үйл явдлын мэдээ мэдээллийг нэгтгэн дүгнэлт хийж, Нийслэлийн онцгой комисс болон мэргэжлийн байгууллагад танилцуулан цаашид авах арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлүүлэх Нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулах аливаа эрсдэл, халдварт өвчний сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэн хариу арга хэмжээ авах мэргэжлийн багийн чадавхийг сайжруулах арга хэмжээ авах.

2.3. Нийгмийн эрүүл мэндэд ноцтой байж болзошгүй хүн, малын “А” зэрэглэлийн өвчлөлийн сэжигтэй тохиолдлыг Эрүүл мэндийн сайдын 2009 оны “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам батлах тухай” 332 дугаар тушаалын дагуу Нийслэлийн Онцгой комисст яаралтай мэдээлж, холбогдох арга хэмжээ авах.

 

 

2.4 Нийслэлийн мэргэжлийн албад, багийн ажлын чиг үүргийн дагуу хийсэн ажлын тайлан, бэлэн байдлын хангалт ,өвчлөлийн мэдээ мэдээлэл тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн хамтран ажиллах.

2.5 Аливаа аюул эрсдэлийн үед хамтран ажиллах, мэргэжлийн албадыг мэдээллээр хангах мөн иргэдэд зориулсан зөвлөмж, сэрэмжлүүлэг бэлтгэн хүргэх, харилцаа мэдээллийн багийг ажиллуулах.

2.6 Олон улсын хөл хориот хүн, мал амьтны халдварт өвчний аюул эрсдлийг тодорхойлох, тандалт судалгааг хамтран хийж, эрсдлийг бууруулах арга хэмжээг зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, гүйцэтгэх ажлын бодлого чиглэлийг боловсруулан онцгой комисст танилцуулах.

Гурав. Салбар байгууллагуудын хариуцан хийх ажил хүлээх үүрэг:

Халдварт өвчин, хордлогын сэжигтэй, өвөрмөц тохиолдол болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал гэж үзсэн тохиолдолд салбарын мэргэжлийн байгууллагууд өөрийн чиг үүргийнхээ дагуу дараах ажил үүргийг хариуцан гүйцэтгэнэ.

Нийслэлийн Онцгой байдлын газар:

Үүссэн нөхцөл байдалд үнэлгээ хийж бэлэн байдлын ямар зэрэгт шилжих асуудлыг санал болгож, шийдвэр гаргуулах.

-“Гамшгаас хамгаалах тухай” хуулийн 8 дугаар зүйлийн дагуу Гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн”, “Бүх нийтийн” бэлэн байдлын тухайн зэргүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

-Халдварт өвчин, хордлогын голомтонд хорио цээрийн дэглэм тогтоосон тохиолдолд дэглэм сахиулах арга хэмжээг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

-Үүсэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах Нийслэлийн Эрүүл мэндийн газар;

-Харъяа эрүүл мэндийн байгууллагуудад халдварт өвчин, хордлогын үеийн бэлэн байдлыг хангуулах, уг арга хэмжээний хүрээнд эмнэлгийн байрны хүрэлцээ хангамж, ажиллах мэргэжлийн боловсон хүчин, эм, бэлдмэл, тоног төхөөрөмж, халдваргүйжүүлэх бодисын нөөцийн судалгаа гаргаж, шаардлагатай арга хэмжээ авах;

-Тухайн халдварт өвчин, хордлогын тархалт, зүй тогтлын талаар эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтанд шуурхай мэдээлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сэрэмжпүүлэг, зөвлөлгөө өгөх, сурталчилгааны материал,гарын авлага бэлтгэж тараах;

-Шинэ болон сэргэж байгаа халдвар, байгалийн голомтот халдварт өвчин, хордлогын сэжигтэй, өвөрмөц тохиолдлын үйл ажиллагааг таслан зогсоож, устгах үйл ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүний эрүүл мэндийн байдалд;

 

хяналт тавьж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;

-Өвчлөл, хордлогын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, эмчилгээ, тусламж үйлчилгээний талаар харъяа эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлэл авч нэгтгэн, цаашид авах арга хэмжээний санал, дүгнэлтийг ”Ажлын хэсэг”-т болон удирдах дээд байгууллагуудад шуурхай мэдээлэх.

Нийслэлийн Мал эмнэлгийн газар:

-Мал, амьтан, түүний түүхий эдээр дамжин хүнд халдварладаг халдварт өвчний тархалт, хөдлөл зүй, тухайн өвчний эмнэл зүй, өвчин үүсгэгчийн мөн чанар онцлог, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, халдвар хамгааллын талаарх мэдээллийг “Ажлын хэсэг”, харъяа удирдах дээд байгууллагад өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэр гаргуулж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах;

-Халдварын голомтыг эрүүлжүүлэх, тархалтыг хязгаарлах арга хэмжээг халдвар эсэргүүцэх дэглэмийн дагуу хэрэгжүүлж, харъяа мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;

-Үүссэн нөхцөл байдлын талаар олон нийтэд байнга мэдээлж, сэрэмжпүүлэг, зөвөлгөө өгөх, ялангуяа малтай, амьтан тэжээдэг иргэд, мал, амьтны түүхий эдийн зах, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан мэргэжлийн зөвлөмж гаргаж сурталчлах;

-Халдварт өвчний голомт, хорио цээрийн бүсэд хийх халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулж, халдваргүйжүүлэлтэнд хэрэглэх чанарын шаардлага хангасан бодисын нөөц, хангамжийг сайжруулах арга хэмжээ авах;

-Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сэжигтэй болон халдвартай өвчнөөр үхсэн мал амьтныг устгах, тухайн орчныг ариутган халдваргүйжүүлэх арга хэмжээг авах;

-Өвчний голомтыг эрүүлжүүлэх, халдвараас сэргийлэх арга хэмжээний талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг харъяа мал эмнэлэг, холбогдох бусад байгууллага, мэргэжилтнүүдээс авч дүн шинжилгээ хийн, цаашид авах арга хэмжээний санал, дүгнэлтийг "Ажлын хэсэг”-т болон харъяа удирдах байгууллагад шуурхай мэдээлэх;

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар:

Халдварт өвчин, хордлого, мал, амьтны халдварт өвчний дэгдэлтийг таслан зогсоох, голомтыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээ болон, эмчилгээ, оношлогооны чанар, халдвар хамгааллын дэглэмийн байдал, мэргэжлийн хүн хүч, эм, бэлдмэл, тоног төхөөрөмж, орны нөөцийн байдалд мэргэжлийн хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч, хяналт шалгалтын дүн мэдээ, цаашид авах арга хэмжээний саналыг ”Ажлын хэсэг”-т болон харъяа удирдах байгууллагад мэдээлэх.

 

 

Халдвар, хордлогын тархалтанд нөлөөлж болох бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, үйлдвэрлэл, үйл ажиллагаанд шинжилгээтэй хяналт шалгалт хийж, мэргэжлийн дүгнэлт гаргах, Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг холбогдох газруудад тавьж дүнг мэдээлэх.

-Нянгийн гаралтай хоолны хордлого, хордлогот халдварын голомтонд хими, хор судлал, нян судлалын шинжилгээтэй хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах.

Нийслэлийн Цагдаагийн газар

-Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд шинэ болон сэргэж байгаа халдвар, байгалийн голомтот халдварт өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоосон тохиолдол бүрт харуул хамгаалалтанд авах ба тухайн халдварт өвчний тархалтын нөхцөл байдалд мэргэжлийн байгууллагатай хамтран дүн шинжилгээ хийж, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хууль эрх зүйн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэх.

Бусад агентлаг, нэгжүүд

-Ажил үүргийн хувьд шууд холбогдолгүй боловч ажлын зайлшгүй шаардлагаар дэмжих үүргээр оролцох нэгж байгууллага нь нийслэлийн Онцгой комиссын хуралдааны тэмдэглэлээр буюу Засаг даргын захирамж, албан даалгавраар гүйцэтгэх үүргийг хүргүүлж, биелэлтэнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга үүрэг гүйцэтгэсэн тухай илтгэх хуудас болон холбогдох материалыг хүлээн авч, нэгтгэн танилцуулах ажлыг зохион байгуулах.

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 2 -ны өдрийн
297 дугаар захирамжийн
гуравдугаар хавсралт

ЭРСДЭЛИЙН ҮЕД АЖИЛЛАХ МЭРГЭЖЛИЙН
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Гамшиг болон хүн, мал амьтны олон улсын хөл хориот өвчнүүд, нийгэм эдийн засагт ноцтой хор хохирол учруулах өвчлөл хордлогын өвөрмөц болон сэжигтэй тохиолдлын тархалт, хөдлөл зүй голомтын хүрээг тогтоох, хариу арга хэмжээг шуурхай авах үйл ажиллагаанд мэргэжлийн чиг үүргийнхээ хүрээнд багаар нэгдсэн зохион байгуулалттай ажиллана.

1. Хими, цацраг идэвхит бодис, хоол хүнсний гаралтай хордлогын үед ажиллах мэргэжлийн багийн бүрэлдэхүүн:

Дарга:                       Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга
                                   Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч
                                   Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн төв лабораторийн хими хор, нян судлалын лабораторийн ахлах шинжээч

                                   Нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчний тандалт зохицуулалтын албаны мэргэжилтэн
                                   Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгааны эмч

                                   Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан мэргэжилтэн
                                   Нийслэлийн Онцгой байдлын газрын хими цацрагийн асуудал хариуцсан ажилтан
                                   Нийслэлийн Захирагчийн ажлын албаны үйлдвэр үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн 
                                   Хордлогын төвийн ерөнхий эмч

              2. Байгалийн голомтот ба шинэ болон сэргэж буй зоонозын халдварт өвчин, мал амьтны өвчлөлийн үед ажиллах мэргэжлийн багийн бүрэлдэхүүн:

Дарга:                       Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга
                                   Нийслэлийн мал эмнэлгийн ерөнхий эмч тархвар судлагч
                                   Нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн эмч
                                   Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч
                                   БГХӨЭСҮТөвийн үндсэн мэргэжлийн албаны эмч

 

 

                                   Багануур дүүргийн БГХӨС төвийн дарга 
                                   Нийслэлийн Онцгой байдлын газрын хүн малын халдварт өвчний асуудал хариуцсан ажилтан

3. Хүн амын эрүүл мэндэд аюул учруулах шинэ болон сэргэж байгаа халдварт өвчний үед ажиллах мэргэжлийнбагийн бүрэлдэхүүн

Дарга:                       Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
                                   Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга
                                   Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга
                                   Нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн
                                   Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн халдвартын эмч, тархвар судлагч эмч нар
                                  
Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвийн албаны эмч нар
                                  
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалтын албаны тархвар судлагч, лабораторийн эмч
                                   Нийслэлийн онцгой байдлын газрын халдварт өвчний асуудал хариуцсан ажилтан

4. Эрсдэлийн үеийн мэдээлэл, шуурхай удирдлагаар хангах баг

Дарга:                       Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга
                                   Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга
                                   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
                                  
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Яаралтай, онцгой байдлын үеийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
                                   
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн боловсрол, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн
                                  
Нийслэлийн Мал эмнэлгийн газрын тархвар судлагч 
                                   
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч
                                   ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга /зөвшилцсөнөөр/

5. Үер ,ус, газар хөдлөлт, байгалийн гамшигт аюул эрсдлийн үед Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу мэргэжлийн багууд ажиллана.