Нийслэлийн Аялал жуулчлалын газар Улаанбаатар хотын цагдаагийн газрын хамтарч ажиллах санамж бичиг байгуулагдлаа

2017-01-25 10:48:08

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Аялал жуулчлалын төв болгох зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр 10 гаруй  ажлыг төлөвлөсөн бөгөөд гадаадын жуулчид, үндэсний  соёл урлаг, үзвэр үйлчилгээ үзэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ тэдний тав тухтай зорчин ямар нэг эрсдэлд өртөхгүй байх нөхцөлийг хангах нь аялал жуулчлалыг хөгжүүлэх бас нэгэн үйл ажиллагаа болох юм.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байна. Энэ санамж бичгийн хүрээнд

  • хотын аялал жуулчлалын бүсэд аяллаар ирсэн гадаадын иргэдийг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж, жуулчдад үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудын ажилчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн чиглэлээр сургалт, семинарыг үе шаттай зохион байгуулж,  гарын авлага материалыг хамтран бэлтгэх
  • Цагдаагийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэг, харилцааны соёлыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, “Оюутан цагдаа” арга хэмжээг үргэлжлүүлэн явуулах
  • иргэн, жуулчид ихээр сонирхон оролцож байгаа нийтийг хамарсан арга хэмжээ болон Горхи. Тэрэлжийн амралт, аялал жуучлалын бүс, Туулын голын эргээр  хэв журам сахиулах морин, завьт, машинт эргүүлийг аялал жуулчлал, амралтын улиралд тогтмол  ажиллуулах
  • Жуулчны бааз, амралтын газар, шөнийн клуб, ресторан, паб, зочид буудал зэрэг газруудын харуул, хамгаалалтын албаны үүрэг хариуцлагыг өндөржүүлж, зөвшөөрөл, гэрээнд нь гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангахад санаачилгатай ажиллах, такси дуудлага, хаяг байршлын лавлагаа туслалцаа өгүүлж байх үүргийг тусгах, хяналт тавих зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь жуулчны аюулгүй байдлыг хангах гадаадын жуулчдад эрүүл мэнд, онцгой байдлын шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор мөн санамж бичгийг байгуулсан байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд 3 дахь жилдээ зохион байгуулсан, цагдаагийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалт, зочид буудал, жуулчны баазын стандарт, аюулгүй байдлыг хангах сургалт, урьдчилсан хяналтыг хийх зэрэг ажлыг зохион байгуулж ажиллаж байсан гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.